38 өрх орон гэртэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-07 15:09:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, аймгийн Ардын депутатуудын хурал түүний гүйцэтгэх захиргаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ийн 75 жилийн ойг тохиолдуулан нийт төрийн албаны удирдах албан тушаалтнууд аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй, халамж анхаарал шаардлагатай гэр бүлүүдийг ханат цагаан гэрээр хангах үйлсэд нэгдэж буй талаар бид мэдээлсэн.
Энэ ажлын хүрээнд гэр хүссэн 50 гаруй иргэний өргөдөл аймгийн Засаг даргад хаяглагдаж ирснээс холбогдох ажлын хэсгийнхэн судалгаа явуулж өргөдөл ирүүлсэн айл нэг бүрээр орж бодит байдалтай нь танилцжээ. Тус ажлын хэсгийнхний хийсэн судалгаа тайланг өнөөдөр аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын удирдлагууд авч хэлэлцээд нэн шаардлагатай, цаашид орон гэрээ өөд нь татаад аваад явчих боломжтой гэж үзсэн 38 өрхийг сонгож гэртэй болгохоор шийдвэрлэлээ. Мөн тус өрхүүдэд гэр олгох арга хэмжээг энэ сарын 9-ний морин цагт аймгийн төв Баганат талбайд зохион байгуулахаар тогтов.
Тэдэнд олгох гэрийг төрийн байгууллагын бүх дарга, сумдын Засаг дарга, Орлогч, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга болон аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэрэг төсвийн байгууллагын 176 удирдлагын сэтгэлийн хандив болон орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК-нийн санхүүжилтээр авчээ.
                                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ