Замын-Үүд тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх байгууламжтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-11-05 18:26:52
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо. Манай улсын гадаад худалдаа, бараа эргэлтийн 90 орчим хувийг дангаараа хангадаг Замын-Үүдийн хилийн боомтоор өдөртөө 1000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бөгөөд холбогдох хяналтын байгууллагынхан тэдгээр тээврийн хэрэгслийг ариутгах, хянаж шалгахад их цаг зарцуулдаг, хүндрэл бэрхшээл ч багаггүй гардаг байжээ.
Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх байгууламжийг манай улсын МХГ-ын санаачилгын дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын засгийн ордны буцалтгүй тусламжаар байгуулсан аж. Тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх байгууламжтай болсноор хил дамжин халдварлаж болзошгүй халдварт өвчин, хуулиар хориглосон ургамлын хорио цээртэй зүйлсийг хилээр нэвтрэхээс сэргийлэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэхээс гадна хилийн боомтын нэвтрэх цэгийн чадавхийг нэмэгдүүлэх, хоёр улсын боомтын үйл ажиллагааг ижил түвшинд хүргэх, халдваргүйжүүлэх ажлыг бүрэн гүйцэд, чанартай хийх, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талууд нээгдэж буй талаар албаныхан тодотгов.
Мөн энэ үеэр БНХАУ-ын Замын-Үүд дэх Ерөнхий консулын газраас Замын-Үүдийн хилийн Мэргэжлийн хяналтын газарт жижиг оврын автобус бэлэглэв. Халдваргүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслолд Монгол Улсын МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Засаг даргын орлогч О.Үүрцайх, Эрээн хотын намын хорооны дарга Тан Юун, Эрээн хотын Засаг даргын орлогч Цогзол, Эрээн хотын Гадаад харилцааны дарга н.Нарсаа, Эрээн хотын боомтын захиргааны дарга н.Ханбат,  Замын-Үүд дэх Хилийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга н.Батмөнх  зэрэг албаны хүмүүс оролцов.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ