Г.Энхбаяр:Биологийн сөрөг нөлөөллийг судалсныхаа дараа нано биотехнологийн бүтээгдэхүүн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-04 11:44:43
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын гагнуурын электродын нийт хэрэглээний 30-50 хувийг дангаараа үйлдвэрлэх хүчин чадалтай “Электродын үйлдвэр”, мөн хүний бие дэх хими, биологийн сөрөг нөлөөллийг судлах “Хүний экологийн төв” Эрдэнэт хотод нээгдлээ. Үүнийг “Эрдэнэт шинжлэх Ухаан технологийн парк” ОНӨҮГ-ын  эрдэмтэн, судлаачид санаачлан байгуулсан  юм. Орхон аймгийн нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагааны талаар тус паркийн захирал, Ph.D Г.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр цахилгааны инженер мэргэжилтэй юм. 

-“Орон нутгаа шинжлэх ухааны үндэслэл, тооцоо, судалгаан дээр суурилж хөгжүүлэхэд Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”–ийн хувь нэмэр их” гэж та үйлдвэрийн нээлтийн үеэр  хэлж байсан. Цөөн хүн ам,  эдийн засгийн хүрээ багатай манай хотод шинжлэх ухаан, технологийн парк цаашид хэр хөгжих бол? Ямар тооцоо, судалгаанд үндэслэж байгуулав? 
-Шинжлэх ухаан, технологийн  парк нь АНУ-аас гаралтай, хөгжингүй улс орнуудад түлхүү хөгжсөн байдаг. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хамаарч төр, хувийн хэвшил хамтарсан эсвэл дан төрийн мэдлийнх,  аж ахуйн нэгж, их дээд сургууль, үйлдвэрлэл дагасан гээд олон янз байдаг. Зарим нь зөвхөн судалгаа хийдэг, технологи нэвтрүүлдэг, улсаасаа даалгавар авч ажилладаг гээд үйл ажиллагааны хувьд өөр, өөр хэлбэртэй. Алдсан, оносон, хаагдсан, хаагдаагүй нь ч байна. Ердөө нэг жарны настай “залуу” салбарын үйл ажиллагааг судалж орон нутагтаа хэрэгжүүлэхээр зорьсон. Тухайн үед хүмүүс 500 мянгаас дээш хүн амтай хотод шинжлэх ухаан, технологийн парк байгуулдаг атал 100 мянган хүн амтай хотод нээж, шинжлэх ухааныг доогуур авч үзлээ гэж шүүмжилж байв. Гэтэл Монголд 500 мянгаас дээш хүн амтай ганцхан хот байна. Тэнд олон дээр олон болж очихыг хүсээгүй. Харин Эрдэнэт хот оюуны болон үйлдвэрлэлийн, инженерийн урдаа барьдаг суурин газрын хувьд аймагтаа байгуулъя гэж зорьсон,  өөртөө ч итгэсэн. Шинжлэх ухаан, технологийн парк байгуулах эрх зүйн орчин Монголд бий. 2012 онд хууль нь батлагдсан. Мөн Эрдэнэт хот “Мэдлэгт суурилж хөгжинө” гэсэн зорилттой. Үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлогуудыг үндэслэж байгуулсан.
-Энэ паркийг байгуулах санаачилга өнгөрсөн оноос эхэлсэн байхаа? 
-Тийм ээ. Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга Д.Батлут Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа эрдэмтдийг хүлээн авч уулзсан. Тухайн үед эрдэмтэд монголын нийгэм, эдийн засгийн алдаа, оноо, хувь хүний судалгааны сэдэв, ач холбогдлын талаар мэдээлэл хийсэн. Эндээс гарсан мэдээллийг нэгтэж, цэгцэлсэн. Орхон аймгийн эрдэмтдийн дийлэнх нь уул уурхай, боловсролын салбарын мэргэжилтнүүд байдаг. Саналыг нь нэгтгэж эцэст нь шинжлэх ухаан, технологийн парк байгуулах санаачилга гарч бид судалгаагаа эхлүүлсэн.

- Шинжлэх ухаан, технологийн парк Орхон аймгийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь юу вэ? 
- Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө нь маш удаан. Ялангуяа нийгмийн нөлөө, үр дүн хурдан бий болдоггүй. Зарим үед 20, 40 жилийн дараа үр дүнгээ өгч болно. Гэхдээ Эрдэнэт хотод шинжлэх ухаан, технологийн судалгаа, үйлдвэрлэлд суурилсан тасралтгүй ажиллагаатай байгууллага бий болсноор магистр, докторт сурч буй оюутнууд бидэнтэй хамтарч судалгаагаа хийж болно, өөрөөр хэлбэл энд бас нэгэн орон зай үүсч байгаа юм.  Баримт, тооцоо, судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл нь хүүхдүүд ирээдүйдээ итгэх итгэлийг нь нэмнэ гэсэн үг. Бид судална, шинжилнэ. Түүнийхээ дагуу дараагийн арга хэмжээ авна. Үүнд цаг хугацаа орно. Харин иргэд шууд ажлын байр нэмэгдэнэ гэж харж байна. Бид үүнийг дангаараа хийж чадахгүй, харин нийгэм өөрөө бидэнтэй хамтран бүтээн байгуулж чадна. Өөрөөр хэлбэл бидний хийсэн санаачилгыг дэмжиж, гаргасан бүтээгдэхүүнийг минь худалдаж авах хэрэгтэй. Тэгвэл бид хамтдаа хурдан хөгжинө. Үнэтэй автомашин худалдаж авсанаас нэг ч гэсэн бизнес эрхлэх, технологи бий болгох нь чухал гэдийг л ойлгох хэрэгтэй. Бизнесийн санааг өргөжүүлж судалгаа хийж хамтарч ажиллаж болно.
-Монголд анх удаа хүний биед сөргөөр нөлөөлж буй хүнд металл, металл бус химийн элементийг тодорхойлох төв бий боллоо. Олон улсад энэ хэр хөгжсөн байдаг вэ?
- Монголд энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг тодорхой байгууллагууд бий. Бид харин мэргэшсэн нэг салбарыг хөгжүүлэхийг зорьсон. “Хүний экологийн төв” Европын улсуудад илүү хөгжсөн байдаг. Дундад Азийн анагаах ухаанаас гаралтай гэсэн түүхийн ишлэл байдаг. Бид эхлээд үүнийг орчин, хөдөлмөр, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй холбож байсан. Олон ч байгууллага судалж, олон ч ном уншсан. Гадаадын тэргүүн туршлага судалсан. Зарим улсад хүний экологийн төв нь хүнсний аюулгүй байдлын бодлогыг тодорхойлдог эрх бүхий байгууллага буюу сүүгээ импортоор авахыг нь хориглож нарийн ногоогоо түлхүү тариалахыг зөвлөж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрынхаа хэрэгжүүлэгч агентлагийн нэг байна. Эсвэл зөвхөн уул уурхай, үйлдвэрлэл дагасан хот, суурин газарт чиглэсэн байсан. Хүний экологийн төв байгуулахаас өмнө, дараа нь гэсэн судалгаагаа бидэнд харуулж байлаа. ОХУ-д уул уурхай дагасан хотын хүний экологийн төвтэй очиж танилцсан. Нүүрсний үйлдвэрлэл дагасан хотын хүн амын дунд уушгины өвчлөл их байсан тул хүний биед ямар төрлийн химийн элемент орохоороо өвчлүүлж байгааг судалсан гэсэн. Хүнд металл хүний биед ороод найман жилийн дараа өвчлүүлж эцэст нь эд эрхтэний аль нэг хэсэгт наалдаж хорт хавдар болох нэг шалтгаан болж байгааг ирлүүлсэний дараа түүнийг нь саармагжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн юм билээ. Үүнийг хараад л бидний уул уурхайн үйлдвэрлэл, аюулгүй байдал харьцангуй өөр боловч аймагтаа “Хүний экологийн төв” байгуулах нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрсэн.

                                    ХҮНИЙ БИЕД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮНД МЕТАЛЛЫГ ИЛРҮҮЛНЭ

-“Хүний экологийн төв”-ийн үйл ажиллагааны чиглэл, зорилго юу вэ?  
-Манай үйл ажиллагаа гурван чиглэлтэй. Нэгд,  химийн сөрөг нөлөөг судална, хоёрт, хүний биед сөргөөр нөлөөлж буй биологийн хүчин  зүйлийг судална, гуравт нано биотехнологийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бид энэ онд химийн лабораторио байгуулсан. 2018 онд биологи, 2019 онд нанобиотехнологийн лабораторио байгуулахаар зорьж байна. Үүнээс химийн лабораторийн талаар товч дурдъя. Хүн маш олон төрлийн химийн элементийг тээж явдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах юм. Нэгдүгээрт, тухайн хүний үс, цус, шээс, шүлснээс хүний бие дэх хүнд металлыг тодорхойлсоноор эрүүл мэндийг нь хамгаалж болно. Хоёрдугаарт,  хүний орчноос дээж авч судална. Энд агаар, ус, хөрс, эдэлж хэрэглэж буй бүх зүйлс багтана. Бүр идэж буй хүнс, түүний сав, баглаа боодол, сав суулга, тэр ч бүү хэл эхийн сүү, хүүхдийн тоглоом зэргийг судалж ямар төрлийн химийн хүнд элемент зөвшөөрөгдсөн хэмжээтэй харьцуулахад ямар байгааг тодорхойлно.

-Хүний биед сөргөөр нөлөөлөх химийн хүнд металл болон металл бус элементийг илрүүлчихлээ. Дараа нь анагаахын салбартай хамтрах уу эсвэл тухайн хүнд нь мэдээллийг нь танилцуулаад болох уу? 
-Жишээ нь хүний биеэс хар тугалгыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү байгааг илрүүллээ гэхэд хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг хэлнэ. Тэгээд зөвлөмж өгнө. Ийм, ийм зүйлд хар тугалга их хэмжээгээр байдаг. Хэрэглэж болохгүй гэж. Хүнс байлаа гэхэд ийм зүйлийг бага хэрэглэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг шууд өгч болно. Мөн илүүдэл химийн бодисоосоо салахын тулд ийм төрлийн витамин, хүнс хэрэглэхийг санал болгох боломжтой. Асуудлыг сайтар шийдвэрлэхийн тулд анагаах ухааны салбартай илүү холбогдоно.                
-Танай байгууллагын оношилгоог 100 хувь баталгаатай гэж яаж итгэх вэ? Хүмүүс эрүүл мэндийн байгууллагад л итгэдэг. 
-Судалгааны байгууллага, хэрэглэгч хоёрын дунд хөндлөгийн хяналт байх ёстой. Тэр нь гадаадын итгэмжлэгдсэн болон их, дээд сургуулийн дэргэдэх лаборатори, манай улсын Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын байгууллага байж болно. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд олон газраас бид зөвшөөрөл авна. Судалгаа хийхдээ хүнээс авсан дээжийг гурав хувааж хоёрт нь ижил аргаар судалгаагаа хийж гурав дахийг нь хадгална. Шаардлагатай бол хадгалсан дээжээ хөндлөнгийн байгууллагаар шинжлүүлнэ.
-Монгол Улсад хорт хавдарын өвчлөл өндөр байна. Танай төвөөс гаргасан дүгнэлт, судалгаа, мэдээллийг үндэслэж хотын хөгжил, хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгаж болмоор санагдлаа.
-Үнэн. Би дээр дурьдсан даа. ОХУ-ын нэгэн хотод очсон гэж. Тус хотын  “Хүний экологийн төв” нь судалгаа хийж үзэхэд хүнд металл хүний биед орохоороо найман жил болоход хорт хавдрын суурь болж байсныг илрүүлсэн. Ингээд түүнийг саармагжуулах бүтээгдэхүүнийг нь гаргасан юм билээ. Яг үүн шиг Монгол Улсад зонхилж буй өвчний шалтгаан, үүсгэж буй нөхцөлийг нь л судлах хэрэгтэй. Эхний ээлжинд бид төвөө байгууллаа, цаашид орон нутгийн бодлогод тусгах мэдээллээр хангахыг үгүйсгэхгүй.
-Тэгэхээр энэ төв Монгол Улсын иргэн бүрт хамааралтай болж байна. Үүнийг өргөжүүлээд улсын хэмжээний төв болгож болдоггүй юм уу?
-Манай төвийн арга, аргачлалыг түшиглээд хаана ч салбар нэгж байгуулж болно. Гэхдээ бүх зүйлийг хавтгайруулж болохгүй. Шинжлэх ухааны байгууллагын өөрийн тактик гэж бий. Энэ рүү төр хэтэрхий орвол нийгэмд үнэгүйдүүлчихнэ. Салбар нь “унана”. Бид нийгэмд үйлчлэх ёстой. Тэрний хүрээнд хүн бүрийг хүчээр хамруулж болохгүй. Зорилтот бүлгээ бид хэнээс ч үл хамааран судална. Энэ бидний үндсэн ажил.  Өнөөдрийн байдлаар манай “Хүний экологийн төв”-д анагаахын хөдөлмөрийн эрүүл ахуйч, аналитик химийн судлаач, физик химийн мэргэжилтэн, лаборант гэсэн дөрвөн хүн ажиллаж байна.
-Судалгааны үнэ, өртөг нь хэд вэ?
-Шинжилгээний объект, шинжлэх элементээсээ хамаараад өөр үнэтэй. Жишээ нь: хүний үсэнд гурван төрлийн хүнд элемент тодорхойлох шинжилгээ 40000 төгрөг  байгаа.  
-Хорт хавдар болон нийгэмд зонхилж буй өвчлөлийн шалтгаан нөхцөлийн талаар эмч нарын хийж буй дүгнэлт, танай дүгнэлт хоёрыг уялдуулж болох уу ?
-Ер нь хамтарч ажиллана. Цаашид хүнсний бүтээгдэхүүн, орчны талаар судлахад хими, биологийн ямар элемент давамгайлж байгаагаас шалтгаалж ийм төрлийн хүнс идэж болно, үүнийг бага, үүнийг нь түлхүү хэрэглэх ёстой гэсэн зөвлөмж гарна.
-Оношилгоо, лабораторийн дүгнэлт болон тоног төхөөрөмжийн хүчин чадал, найдвартай, найдвартай бус эсэхийн  талаар сайн, муу янз бүрийн мэдээлэл байдаг. Танай лаборатори хаанахын ямар байгууллагынх вэ ?
-Химийн шинжлэх ухааны сор болсон ОХУ-ын нэрт эрдэмтэн Д.И.Менделеев амьд ахуйдаа хэд хэдэн химийн лабораториуд байгуулсан байдаг. Тэдгээрийн нэг лабораторитай бид хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар манайх анхных нь. Туслах тоног, төхөөрөмжүүдээ БНХАУ, ХБНГУ-д үйлдвэрлэсэн төхөөрөмжүүд авч, лабораторио байгуулсан. Лабораторийн дүн шинжилгээнд итгэж болно.
-Ирэх онд биологийн лабораториа байгуулна гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?
-Хүмүүс ямар нэг зүйлээс харшилж байдаг. Сүүлийн үед харшилтай хүн ч нэмэгдлээ. Хүний биед химийн нөлөөллөөс гадна биологийн нөлөөлөл их байдаг. Бид биологийн сөрөг нөлөөллийг судлахаар зэхэж байна. Судалсныхаа дараа нано биотехнологийн бүтээгдэхүүн гаргах томоохон зорилт байна.
 
     ТАВАН ХҮН БОДОЖ, 500 ХҮН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

-Орхон аймагт цагаан тоосны асуудал байнга яригддаг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн нөхцөлөөс шалтгаалж цагаан тоос дэгдэж, тэр нь хүний биед сөргөөр нөлөөлж байна гэж олон жил ярьсан. Үүнийг судлах уу?
-Энэ талаар судалж, ажиллаж болно.
-Үйл ажиллагаа жигдрээд тодорхой дүгнэлт, судалгаа гарсан үед дахин ярилцъя. Харин гагнуурын электродын үйлдвэрийнхээ талаар яриач? 

-Металл хаана байна тэнд электрод байна. Үйлдвэрлэлийн бүх процесс гагнууртай холбоотойМанай үйлдвэр хоногт 10 тонн электрод үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид өргөжвөл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой.  Монголд хэрэглэж байгаа электродын 80 хувь нь БНХАУ үлдсэн нь өөр орных. Манай электрод  АНУ-ын стандартаар үйлдвэрлэгдэж байгаа. Чанарын хувьд маш сайн, үнийн хувьд зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний гэж хэлж болно. Одоогоор таван хүн ажлын байртай болсон.
- Мэдээж  “Эрдэнэт үйлдвэр” гэдэг том зах зээлийг тооцсон л байх. Үйлдвэрт нийлүүлэх саналаа хэлсэн үү?
 - “Эрдэнэт үйлдвэр” ХХК манай электродыг удахгүй туршиж үзнэ.
-Та өмнө нь дөрвөн улирлын хүлэмж байгуулах тухай ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа байна вэ?
- Дулааны цахилгаан станцыг түшиглэж техникийн усыг нь хөргөж түүгээр нь шилэн хүлэмжээ ажиллуулж болдог. Энэ жишгийг олон оронд ашигладаг. “Эрдэнэт ДЦС”–ийн дэргэдэх гурван га газарт дөрвөн улирлын хүлэмж байгуулах асуудал 2012 оноос яригдаж эхэлсэн. Дулааны цахилгаан станцын технологийн усаа хөргөөд хүлэмж ажиллуулах туршлага манайд байхгүй. Станц ч дулаанаа үнэгүй ашиглуулах эрх зүйн орчин байхгүй. Иймд бид энэ аргыг орхиод газар доогуур явж байгаа бохирын дулааныг ашиглаж болно гэж үзсэн. Жишээ нь есөн давхар орон сууцны хэрэглэсэн халуун ус газар доогуурх шугамаар явдаг. Энэ нь “хаягдал” дулаан юм. Үүнийг түшиглэж хүлэмжээ байгуулаад ногоогоо тарьж болно. Дулаан байгаа цагт жилийн дөрвөн улирал ашиглаж болно. Гурван га газарт ногоо тарихад бага хэмжээний хүнс авна. Харин манай технологи усан суурьтай хүлэмж. Хөрсийг давхарлаж болдоггүй бол усаар давхарга үүсгээд ногоо тарьж болно. Энэ нь хэд дахин үржигдэнэ. Гол асуудал нь хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байгаа.
-Манай улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төсөл хэрэгжүүллээ. Зуух тараалаа, нүүрсээ коксжууллаа. Энэ оновчтой шийдэл биш гэдэг нь ч харагдаж байна. Төрийн захиалгаар агаарын бохирдлыг бууруулах шинэлэг технологи гарга гэвэл танд бэлэн судалгаа, санаа байна уу?
-Судлагдсан технологи, шийдэл байна. Ер нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүч рүү орох ёстой. Зөвхөн аймгийнхаа хэмжээнд яръя л даа. Газрын гүний дулааныг ашиглая гэвэл өртөг өндөр. Газар нь цэвдэгтэй. Салхины эрчим хүч ашиглая гэхээр боломж нь бага. Салхи далайтай, тэгш газарт их “гүйдэг”. Харин нарнаас дулаан гаргах хэрэгтэй. Үүнийг станцын хэмжээнд шийдэлгүй өрх бүрт дулаан гаргах хэмжээгээр шийдвэл оновчтой.
-Тэгэхээр өрх бүрт тохирсон шийдэл гэж ойлгож болох уу?
-Нарнаас дулаан үйлдвэрлэх технологи гаргана гэсэн үг. Үүнийг айл бүр худалдаж авах хэрэгтэй. Мэдээж өртөг өндөр. Үүнд төрийн оролцоо чухал. Монгол эрдэмтэд ийм тоног төхөөрөмж үйлдвэрлэж чадна. Гол нь төр нь дэмжиж, итгэх хэрэгтэй, шийдвэртэй алхмыг эхлүүлэх нь чухал. Эрчим хүч бол хөгжлийн үндэс байдаг. Тиймээс манай улс цаашид дулааны цахилгаан станцуудаа зогсоогоод атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Ийм станц дулааны цахилгаан станцаас 500 дахин үр ашигтай ажилладаг гэсэн тооцоо байдаг. 
-Таны ярьсан зүйлээс харахад олон дүгнэлт хийж болохоор байна л даа. Жишээ нь монголчууд эрдэмтдийнхээ мэдлэгийг улсынхаа хөгжлийн бодлогод ашиглахгүй байна, аливаа зүйлийг зөвхөн улс төрийн өнцгөөр харж байна гээд. Улс, аймгийн бодлого, хөтөлбөрт эрдэмтэн, судлаачдын саналыг тусгахгүй байна гээд. Бид ер нь хөгжлийнхөө асуудлыг хаанаас нь эхэлж ярих вэ?
-Монголчууд яаж хөгжих вэ, ямар бодого гаргавал  хөгжих вэ гэж хичээж л байна. Болохгүй байгаа болохоор нь бодлого гаргаж байна. Санаа нь зөв. Хамгийн гол нь хэрэгжүүлэгч үе шат нь буруу байна гэж би боддог.  Эсвэл хэрэгжүүлэгчид нь бодлого гаргагчидтайгаа холилдоод, зууралдаад байна. Уг нь таван хүн бодож 500 хүн хэрэгжүүлэх ёстой юм. Харин Монголд хэрэгжүүлэгч 500 хүний 200 нь бодоод, бодсонтойгоо холилдоод ажил хийх гээд гүйгээд байна. Ерөнхийдөө манай улсад бодлого боловсруулагчид нь олширч, хэрэгжүүлэгчид нь цөөрсөн бололтой. 
- Танд баярлалаа.
Б.Оюун-Эрдэнэ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ