НӨАТ-ын баримт олгох дургүй газрууд байсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-03 21:09:47
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд НӨАТ-ын баримт өгдөггүй үйлчилгээний байгууллагууд одоо болтол байсаар байгаад иргэд бухимдалтай байна.

Тухайлбал, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан нь үйлчлүүлэгчиддээ НӨАТ-ын баримт олгодоггүй явдалд иргэд, хэвтэн эмчлүүлэгчид тун их гомдолтой байдаг аж. Энэ бол зөвхөн жишээ. Үүний цаана олон байгууллага, аж ахуйн нэгжүүд хууль зөрчин орлогоо нууж, иргэдийг хохироосоор байгаа юм.

Үйлчилгээний байгууллагууд иргэдийн царайг харж, НӨАТ-ын баримт олгодог гэхэд бараг л хилсдэхгүй. Нэрэлхүү, хээгүй нэгэнд нь сүлжээгүй, цаас дууссан, машин гацсан гээд баримт өгөхгүй байх шалтагууд хэдий нь улиг болжээ. Харин нэхсэн нэгэнд нь дуртай дургүй цаасны тасархай шидэх дүр зурагтай та олон удаа таарсан биз.

Иргэд та бид худалдаа, үйлчилгээний газруудад мөнгө төлөх бүртээ баримтаа нэхэж авах ёстой. Харин НӨАТ-ын баримт өгөхгүй гэх тохиолдол бүрт Татварын ерөнхий газрын 1800-1288, Хэнтий аймгийн Татварын хэлтсийн 7056-2268 дугаарын утсаар гомдол, саналаа шууд мэдэгдэх бүрэн эрхтэй гэдгийг анхаараарай.

 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ