Авлигатай тэмцэх газрынхан Хэнтийд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-02 20:20:21
Хэнтий /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/ зүүн гурван аймагт хийх шалгалтын ажлаа Хэнтий аймгаас эхлүүллээ. Тус газар энэ оны гуравдугаар сараас эхлэн нийслэл, дүүрэг, яам, агентлаг болон төрийн өмчит компаниудад хяналт шалгалт хийж байгаа юм.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн ИТХ, ЗДТГ болон зарим төрийн байгууллагыг хамруулан шалгаж байна.

Өмнө нь АТГ-аас соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр орон нутагт түлхүү ажиллаж байсан бол энэ удаад орон нутгийн төрийн байгууллагуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлохоос гадна 2016 оны 11 дүгээр сард батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар үзэж, танилцах зорилготой юм байна. Мөн Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл/ГХУСАЗСЗ/-ийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх ажээ.

Монгол Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан орон нутагт олон нийтийн дэд зөвлөл ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ дагуу Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг гурван чиглэлээр ханган ажиллах үүрэгтэй уг дэд зөвлөлийн Хэнтий аймаг дахь гишүүдээр Ц.Базаррагчаа, Ц.Чинзориг, Х.Гонгор нар сонгогдсон байна.

Тус ажлын хэсэг аймгийн төвд төдийгүй сумдад ажиллах бөгөөд Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдад ажиллаж Сум хөгжүүлэх сан, ЖДҮ дэмжих сангийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт гэх мэт удирдамжид заасны дагуу шалгалт хийж зөрчлийг арилгах тал дээр анхаарч ажиллаж байна.

АТГ-ын ажлын хэсэг Хэнтий аймагт гурван хоног ажиллаад, Дорнод, Сүхбаатар аймгийг зорино.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ