Боловсролд зарцуулсан санхүүжилт сурлагын чанарт хэрхэн нөлөөлж буйг судалдаггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-11-01 15:32:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь боловсролын санхүүжилтийн үр ашгийг бодитой үнэлэхийн тулд улсын хэмжээнд бүх суралцагчаас тогтоосон стандартын түвшин бүрт авдаг боловсролын нэгдсэн, үнэлгээний системтэй болох нь чухал гэдэгт өнөөдөр Чингис зочид буудалд эхэлсэн “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний VIII чуулганд оролцогчид санал нэгдэв.

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр зохион байгуулдаг тус чуулганд 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцож байна.
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, боловсролын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийг чанартай боловсрол олгохоор хуваарилан зарцуулах, улам сайжруулах арга замыг тодорхойлох юм.
Тус эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан хэлэхдээ,“Төрөөс суралцагчдын дунд тэгш бус байдлыг нэмэгдүүлж болзошгүй боловсролын санхүүжилтийн бодлого хэрэгжүүлж байна. Мөн өрх гэрүүд орлогын түвшнээсээ хамааран хүүхдийн боловсролд эрс ялгаатай хөрөнгө оруулалт хийж байна. Одоогоор манай оронд боловсролд зарцуулсан санхүүжилт, зардал нь суралцагчдын сурлагын чанар, амжилтад хэрхэн нөлөөлж буй талаар судалсан судалгаа байдаггүй. Энэ удаагийн чуулганаар манай улсын боловсролын салбарын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг шинжээч, судлаачидтай ярилцаж, цаашид авах арга хэмжээ, тулгарч буй саад тотгорыг арилгах шийдэл, гарцын талаар хэлэлцэнэ” гэв.

Чуулганд оролцогчид Боловсролын төлөөх дэлхийн түншлэлд нэгдэж, улсын нэгдсэн төсвийн нийт зардалд боловсролын салбарын санхүүжилтийн эзлэх хувийг 20-иос доошгүй нэмэх хүсэлтийг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болов.

Хоёр өдөр үргэлжлэх чуулганаас иргэний нийгмийн байгууллагууд зөвлөмж гаргах аж. 

Дашрамд дурдахад, 2016 оны “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулганаар боловсрол дахь тэгш байдлын талаар онцгойлон авч үзсэн юм.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
 
 
 
Холбоотой мэдээ