Малчин өрх бүр үйлдвэрлэгч болох зорилтыг залуу малчид дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-31 23:45:29
Завхан/МОНЦАМЭ/ Завханы Тэлмэн суманд “Залуу малчдын чуулга” уулзалт боллоо. Залуу малчдын санаачлагаар малчдаа дэмжих, тэдэнд урам зориг өгөх, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж мэдээлэл солилцох, ахмад малчдынхаа мал маллагааны арга туршлагаас суралцах зорилготой энэхүү чуулга уулзалтыг сумандаа анх удаа зохион явуулжээ.
150 гаруй залуу малчин оролцсон тус чуулга уулзалтад аймаг, сумын удирдлагууд оролцож мал аж ахуйн салбарт төрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө. Энэхүү үйл ажиллагааны үеэр эрүүл, ашиг шим өндөртэй малыг өсгөн үржүүлэхээс гадна малчин өрх бүр үйлдвэрлэгч болох зорилтыг залуу малчид дэвшүүлжээ. Мөн малч ухаан, туршлагаараа үеийн залуусаа манлайлсан залуу малчдыг аймаг орон нутгаас шагнаж урамшуулжээ.
Чуулганд оролцогч малчид сумынхаа МАА-н өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ малын эрүүл мэндийн талаарх сургалтад хамрагдсан байна. Энэ үеэр тус сумын малчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаж, 1117 тн өвс, 12 тн байгалийн хадлан, 115 тн малын тэжээл бэлтгэсэн тухай мэдээллээ.
Тэлмэн сум 526 малчин өрхтэй. Үүнээс 30 гаруй хувь нь 40-өөс доош насны залуу малчид байдаг байна. Тэлмэн сумын мал сүрэг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч хагас жилээр 202.3 мянган толгой мал тоолуулжээ. Гэвч сумын нутаг 90 гаруй мянган мал бэлчээрлэх даацтай учраас бэлчээрийн даац ихээхэн хомсдож байгааг малчид учирлав. Цаашид малын тоо толгойд бус чанарт анхаарах зайлшгүй шаардлага ийнхүү тулгарчээ. Тиймээс Завхан аймаг малчдаа урамшуулан дэмжих, асуудлуудыг нь шийдвэрлэх, залуу малчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ирэх жилүүдэд "Сайн малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 24 сумын 115 багийн малчдаас санал авсан тухай мөн үеэр дуулгав.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ