"Мөнхийн диск" нэг сая жилийн турш мэдээлэл хадгалах чадалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-31 13:28:37
МОСКВА. /ТАСС/. Тодорхой орчин нөхцөлд 1 сая гаруй жилийн турш мэдээлэл хадгалах хүчин чадал бүхий диск бүтээх "нэн" тогтвортой оптик санах ой тогтоомжийн технологийг ОХУ-ын эрдэмтэн судлаачид үндсэндээ боловсруулж дуусаж байна гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.

Судлаачид “мөнхийн диск”-ний анхны загварыг хэдийнээ хийсэн бөгөөд энэ бүтээлээ 2018-2020 онд илүү боловсронгуй болгохоор төлөвлөж байна гэж Москва хотод төвтэй Дэвшилтэт технологийн судалгааны сангийн мэргэжилтэн Иван Глегов хэлжээ.

Энэхүү диск нь кодлогдсон мэдээллийг “хэвийн” нөхцөлд 1 сая гаруй жил ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалах чадалтай гэж тэрбээр хэлээд “Орчин үеийн Blu-ray дискүүд нь 60-аас дээш жил мэдээллийг хадгалж чадахгүй” гэсэн байна.

Кварцын шилээр хийсэн уг диск нь гал, хэт ягаан туяа, цахилгаан соронзон долгионд тэсвэртэй аж.

“Мөнхийн диск” зохион бүтээх төслийг Дэвшилтэт технологийн судалгааны сан болон ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам санхүүжүүлж байгаа гэнэ. Одоогоор энэ диск нь 25 ГБ мэдээлэл хадгалж байгаа бол яваандаа багтаамжийг нь 1 ТБ болгож нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.
 
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ