Үлэмж дархан мэргэн Д.Басхүүгийн нэрэмжит шагайн харвааны тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-30 19:20:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас төрөн гарсан "Үлэмж дархан мэргэн" шагайн харваачдад хүндэтгэл үзүүлэх харвааг МУСГЗ, Үлэмж дархан мэргэн Должидын Басхүүгийн нэрэмжит болгон анх удаа зохион байгууллаа. 
Монгол шагайн харвааг 2014 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн байдаг. ЮНЕСКО-д бүртгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Монголын шагайн холбооны хүндэт ерөнхийлөгч Должидын Басхүү юм. Түүний алдрыг тэмдэглэх, Өмнөговь аймгаас төрөн гарсан "Үлэмж дархан мэргэн" цолтнуудад хүндэтгэл үзүүлэх анхдугаар шагай харваанд Улаанбаатар болон Өмнөговь аймгийн 10-87 насны 270 гаруй харваачдын 20 гаруй баг цэц мэргэнээ сорьжээ.
Шагайн харваанд тэргүүн байрыг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Х.Хосбаяр ахлагчтай баг, дэд байрыг МУСГЗ, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Д.Басхүү ахлагчтай баг, гуравдугаар байрыг Монгол Улсынн Гарамгай мэргэн Д.Банзрагч ахлагчтай баг эзэлж өргөмжлөл цомын эзэд боллоо.
Ахмадуудын ангилалд С.Түвшинтөр ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, Ж.Батсүрэн,Т.Түмэндэлгэр ахлагчтай баг удаалжээ.  Мөн ахмадын цуваа харваанд Ц.Ойдовжамц тэргүүн байрт шалгарч Ж.Батсүрэн, Ч.Баяраа нар удаах байруудад шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ