П.Дэлгэрбаяр: Би Монголын кино урлагийн ирээдүйд итгэл дүүрэн байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
altankhuyag@montsame.mn
2017-10-30 16:20:01
Удахгүй дэлгэцэнд амилах “Илд цэцэг” киноны Ерөнхий найруулагч П.Дэлгэрбаяртай ярилцлаа. Уншигчид түүнийг “Дурлалын гэмт хэрэг”, “Төрийн дайсан” зэрэг олон сайн бүтээлүүдээр нь мэдэх биз ээ.

-Удахгүй таны шинэхэн уран бүтээл болох “Илд цэцэг” кино үзэгчдэд хүрэх гэж байна. Уран бүтээлийнхээ тухай хөөрөлдөөнөөс яриагаа эхлэх үү?

-Анх би О.Машбатын “Монголжин” стиудэд кино гэдэг зүйлийг хэрхэн найруулж, хийж бүтээдэг вэ гэдгийг сурч, мэдэж авснаар барахгүй тэнд бүтэн нэг жил ажилласан. Тухайн үед тус стиуд “Жинжиймаа”-гаас авахуулаад маш хүчтэй кинонуудыг хийж байсан. Монголд буй, үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг хамгийн сайн стиудын талаар судалсан юм л даа, тэгээд “Монголжин” фильмийг зорьж очсон. Ингээд 2003 оноос кино урлагт хөл тавьж байлаа. Анхны бүтээл маань “Найзууд” хэмээх кино байсан. Түүнээс хойш дэлгэцийн урлагт хөл тавиад 14 жил болсон байна. Солонгосын кино найруулагч найзтайгаа хамтраад “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу” гэсэн хоёр бүтээл дэлгэцэнд амилуулсан. Мөн Монгол кино нэгтгэлийн Солонго даргатай хамтарч “Төрийн дайсан” болон “Guys”-ийн Лхагваатай хамтарч “Амьдрал”, “Дурлалын гэмт хэрэг” гэх хоёр ч кино хийсэн. Харин одоо “Илд цэцэг” нэртэй уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоход ойртсон байна. Энэхүү кино маань үндсэндээ “Абсольют” фильм, “Брос рекордс”, "5.1" прожект болон АНУ-ын Сан-Франциско, Калифорнд бүртгэлтэй, Цогтбаяр захиралтай “Монгол фильм” зэрэг компаниудын хамтын бүтээл юм. Мэдээж бидний сэтгэлд өдөөгдсөн үйл явдал, хүрээлэн буй зүйлсээс хүртэж буй мэдрэмж урлагийг бүтээдэг. Гэвч Оросын алдартай найруулагч Тарковский “Кино бол хамгийн азгүй урлаг” гэж хэлсэн байдаг. Мөнгөнөөс их хамааралтай байдаг болохоор тэр. Үнэхээр энэхүү санхүүгийн хүнд хэцүү асуудлыг ойлгож “Повер пласт” компани уран бүтээлийг маань дэмжсэн. Цаашид олон сайхан дэлгэцийн уран бүтээл хийх үйлдвэрлэл явуулж эхлэх төсөл бий болгосон. Анхны шангаа “Илд цэцэг”-ээр ийнхүү татаж байна даа. “Илд цэцэг” киногоор эхийн хайр хийгээд монгол ээжийн өвөрмөц дүрийг бүтээж гаргахыг зорьсон.  Гол нь бид бүхний ойлгож хэвшсэн дүр зургуудаас татгалзаж өөр өнцөг, өөр дүрслэлүүдээр илэрхийлж гаргасан байгаа.

-Таны өмнөх уран бүтээлүүдийг хараад байхад хурц үйл явдал давамгайлсан кинонууд байдаг. “Илд цэцэг”-ийн трэйлерийг ч харахад мөн адал жанрийн бүтээл шиг санагдсан...

-Тийм ээ. Би ерөнхий дөө хурц үйл явдлууд өрнөдөг, дотроо утга санааны огцом эргэлттэй бүтээлүүд хийдэг. Яг миний сонирхдог, дотоод мэдрэмжийг минь өдөөдөг төрөл нь энэ л дээ. Тиймээс ч киногоо энэ төрөл рүү бүх талаас нь хандуулж хийсэн. Гэхдээ утга санааны гүнзгийрэл, үйл явдлын өрнөл зэргээрээ бусад кинонуудаас онцлогтой болсон гэж үзэж байгаа. Өнөөдрийн нийгэмд бид эрх чөлөөтэй ардчилсан улс оронд амьдардаг ч гэлээ хуулинд захирагдсаар байдаг. Заримдаа хууль журам бидний биеийг хэт ихээр ороож багладаг. Энэ зүйл хийгээд хүний сэтгэлд мөнх оршиж байдаг хайр хоёрын зөрчил дээр тоглолт хийхийг зорьсон. Мөн гол дүрийн нэг нь төрийн албан хаагч цагдаа, нөгөө нь эх хүний дүр байгаа юм. Нүгэл, буян хоёр тусдаа ойлголт шүү дээ. Гэтэл тэд нэгэн биед зэрэг оршдог. Тиймээс сайхан, муухай зэрэгцэн орших энэ ойлголтыг нэг дүрд цогцлоож харуулахыг хүссэн. Ийм ч учраас хүмүүс үйл явдал хөөж үзэхгүйгээр нэлээд бодож тунгаах хэрэг гарах болов уу.

-Кинонд дүрслэл маш чухал байдаг шүү дээ, зураг авалтын талаар ярихгүй юу?

-Зураг авалтан дээрээ бид нарийн анхаарч ажилласан. Нисдэг камер, хөдөлгөөн гаргагч зэрэг олон зүйлсийг би найруулагчийн хувиас операторт хэрэглүүлээгүй. Манайхан техникийн араас хэт хөөцөлдсөнөөс болоод кино нь хэт их гоёж гоодсон модель шиг болчихдог талтай. Тиймээс би зөвхөн хөл, гэрэл хоёрыг нь л өгсөн. Үйл явдлын өрнөх холбоосууд дээр чи наад хоёр зүйлээ л хэрэглэнэ, план тавина, өөрөө сайн бодох ёстой гэж хэлсэн. Кино багийн хамт олон маань ч дэмжиж, дотоод үйл явдлууд нь үзэгчдийн нүдэнд тусгацтай байх талаас нь бодож зураг авалт дээрээ ажилласан байгаа.



-Таныг дүрүүд дээрээ их анхаарч ажилладаг гэж сонссон. Гол дүрийн жүжигчдийн сонголтыг хэрхэн хийсэн бэ?


-Гол дүрд жүжигчин Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг нар тоглосон. Шинээр хийгдэж байгаа кинонд шинэ залуу үеийнхэн болоод яг одоо нэр алдарт гарч, ид бүтээлээ туурвиж яваа жүжигчид тоглох нь олонтаа болсон. Харин бид жүжигчдийнхээ авьяас, мэдрэмжийг чухалчилж үзсэн. Өөдөөгийн маань хувьд гэхэд уран бүтээлээсээ завсардаад чамгүй хугацааг өнгөрүүлж, гурван ч хүүхдийн ээж болсон он жилүүд байлаа шүү дээ. Яг үүнийх нь араас, эх хүн болсон тэр халуун мэдрэмж нь хөрч амжаагүй байхад нь бид зохиолоо өгч, ээжийн дүр санал болгосон. Өөдөөгийн дүр Хонгорзул, Төмөрхуяг ахын дүр Дандар гэдэг нэртэй юм. Анх зохиолоо уншчихаад л ирэхдээ хоёр жүжигчин маань өөрчлөгдсөн байсан. Өөдөөгийн нүд Хонгорзул, Төмөрхуяг ахын нүд Дандар болчихсон байсан хэрэг. Тэгээд л шууд зураг авалтаа эхлүүлсэн. Тухайн кино болгон өөрийн гэсэн онцлог, уур амьсгалтай байдаг. Зарим кинонд дүрс, заримд нь хөгжим давамгайлсан байдаг бол “Илд цэцэг” кинонд дүрүүд маш чухал үүрэгтэй оролцсон гэж хэлж болно.

-Киноны сэдэв хэдий хугацаанд таны тархинд боловсруулагдаж явсан бэ. Анхнаасаа эхийн хайрыг өгүүлсэн кино хийе бодсон уу, бичих явцад өөрчлөгдсөн үү?

-Өмнө хийсэн кинонуудын маань дүрүүд цагдаа, тагнуулын ажилтан гэх мэт их эрэлхэг шинжтэй, хүчирхэг хүмүүс байсан. Харин энэ киноны хувьд жирийн багшийн дүрийг сонгож авсан. Анх уг нь эрэгтэй хүн дүр байсан боловч бичих явцад өөрчлөгдөж эмэгтэй болж хувирсан. Улс үндэстэн болгон өөр ёс заншил, дэг жаяг, бусдаас ялгарах сэтгэлгээний онцлогтой байдаг. Бүхий л ээжүүд хүүхдээ хайрладаг. Тэгвэл монгол эх хүн ямар их зүйлийг тэвчиж, үхэл салгах хүртэл үр хүүхдээ хамгаалдаг юм бэ, өөр нэг улсын эмэгтэй хүн байсан бол үр дүнг хэрхэн бий болгох вэ зэрэг олон асуултанд хариулт өгөхийг хичээсэн.

-Тойруулалгүй шуудхан асуучихъя л даа. Та энэхүү киногоо сайн уран бүтээл болсон гэдэгт хэр их итгэлтэй байна вэ?

-За, тэгвэл би ч бас шуудхан хариулах хэрэгтэй юм байна. /инээв/ Би киногоо сайн бүтээл болсон гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. Мэдээж  би хувь хүнийхээ үүднээс олон зүйл хийж, судлаж, аливаа зүйлийг гүнзгий бодох, мэдрэх насан дээрээ ч ирчихсэн байна. Өмнөх кинонуудаас хуримтлуулсан туршлага ч их бий. Киноны маань ерөнхий продюсер А.Мэндсайхан бид хоёр “энэхүү кино маань дэлхийн олон улсын кино наадмуудад оролцож, Монголын уран сайхны кино гэж ийм дайны бүтээл байдаг юм шүү” гэж харуулахыг хүсч, алс хэтийн зорилготойгоор ажилласан. Мэдээж гадаадын кино урлагийн үнэлэмж маш өндөр. Бид ч муу уран бүтээлээр “сайн нэр” олж авахыг боддог хүмүүс биш учраас их ажилласан.  Тиймээс сайн уран бүтээл болсон гэдэгт маш их итгэлтэй байна даа.

-Аливаа уран бүтээлийн нэр, постер нь тухайн бүтээлийг цогцоор нь илтгэсэн байдаг. “Илд цэцэг” гэх нэр их содон санагдлаа л даа. Яагаад ийм нэр өгөх болсон бэ?

-Тэгэлгүй яахав. Киноны нэр, постер зэргийг маркетинг талаас ч тэр, уран бүтээлийн хувьд ч тэр маш нарийн, нухацтай бодох шаардлага тулгардаг. Мэдээж эмэгтэй хүний зан чанар, тэвсэр тэвчээрийг харуулсан кино учраас цэцэгний нэр өгөе гэж бодсон. Гэтэл киноны агуулга, хийцийг харахаар нэг тийм махчин ургамал нэн түрүүнд бодогдсон. Тэгээд ургамлын нэр хайж үзсэн боловч ихэнх нь хэлэхэд хэцүү, латин нэршлүүд хүртэл байсан. Ингээд үргэлжлүүлэн бодож, эрж хайж явтал “гладиолус” гэх нэрийг олсон юм. Манайхан бол хонгорзул гэх юм уу арилд гэж орчуулан нэрлэдэг юм билээ. Арилд гэдэг нь төвдөөр илд гэсэн утгатай. “Гладиолус” гэдэг үгийг орчуулж үзтэл “сэлэм цэцэг” гэсэн махан орчуулга буусан. Тэгэхээр нь үүх домгийг нь судлаад үзтэл сэлэм шиг маш нарийхан иштэй, дундаасаа салаалж цэцэглэдэг ургамал байсан. Мөнхүү гладиаторуудад тулалдааны өмнө эмэгтэйчүүд нь бэлэглэдэг, эрчүүд ч сэлмээ чимэглэдэг цэцэг юм билээ. Тэгээд энэхүү нэрийг өгөхөөр болсон. Манай монгол хэлний үгийн сан асар баялаг шүү дээ. Юүлд гэдэг, илд, мэс ч гэж ярьдаг. Тиймээс “Илд цэцэг” болгож орчуулаад тус нэрийг өгсөн. Басхүү бид киногоо өөр улс оронд гаргахаар зорьсон болохоор англи нэр нь “Gladiolus” гэж ойлгож болно.



-Мэдээж олон жил кино урлагт зүтгэсэн, өөрөө маш сайн үзэгч байх. Та найруулагчийнхаа хувьд үзэгчдийг ямар байгаасай гэж боддог вэ?


-Их сайхан асуулт байна. Үзэгчид миний хийсэн кино дүрийг хайрлах уу, үзэн ядах уу гээд олон хүчин зүйлтэй тулгарна. Бид тэднээр ямар мөчид эсрэг дүрийг хайрлуулах вэ, сайн талын баатрыг үзэн ядуулах вэ гэдгээ сайн төлөвлөх ёстой. Надад маш олон зэвсэг бий. Гэвч үзэгчид өөрсдөө юуг эрж хайдагт хэтэрхий их анхаарал хандуулах нь найруулагчийн ажил биш. Тэд өөрсдөө боловсролтой, мэдрэмжтэй байна уу гэдэг нь чухал. Сайн киног сайн, муу киног муу гээд хэлчихдэг үзэгч л надад хэрэгтэй. Дээр нь кино үзэх маш том соёл бий. Тийм л соёлтой, боловсролтой үзэгчид олон байгаасай гэж хүсдэг. Түүнээс олон хүн үздэг болоод сайн кино, цөөхөн үзэгчтэй болохоор муу кино гэсэн үг биш шүү дээ.

-Кино зохиол бол бол найруулагчийн хувьд гартаа барьсан олон багаж зэвсэгүүдийн нэг. Түүнээс кино бол дүрсний нийлмэл урлаг ч гэж онолын хүрээнд ярьдаг. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?

-Ихэнх ажилсан кино маань өөрийн минь зохиол. Гэтэл миний суурь мэргэжил жүжигчин юм. “Херо” энтертайментийн Баатар найруулагч зураач мэргэжилтэй учраас дүрслэлийн тал дээр нарийн ажилладаг. Харин би жүжигчин хүн учраас киноныхоо дүрүүдтэй илүү тулж ажилладаг. Тиймээс “Илд цэцэг” кинон дээр дүрүүдийн харилцан яриа, үйл хөдлөлийн ард давхар утга илэрхийлж өгөхийг зорьсон. Мэдээж дүрсээр киноныхоо утгын холбоосуудыг ч сайн гаргаж өгсөн гэж бодож байна. Зохиолдоо түлхүү анхаарч ажилладаг ч гэлээ хоёуланг нь зэрэг түвшинд авч үздэг. Аливаа бүхнийг нэг тал руу хэт хазайлгавал унадаг. Хэт туйлширсан үзэл бодлоор ямар ч урлагийг төгс илэрхийлэх боломжгүй мэт санагддаг.

-Дэлхийн алдартай найруулагч нар, кино урлагийн шинэ хэлийг бий болгосон гэж яригддаг томоохон мастерууд зарим бүтээлд өөрийнхөө төсөөллийг зурсан талаар дурдсан байдаг. Та киноны үйл явдлын шугамтайгаар төсөөллөө амилуулсан тийм уран бүтээл хийж чадсан уу, хийхийг хүсдэг үү?

-Энэ кинон дээрээс харж болно. Учир нь өмнөх кинонуудаас илүүтэй сайн ажилласан, юмыг арай өөр өнцөгөөс буулгаж чадсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Урьд нь би үйл явдал их хөөдөг, жүжигчдийн дүр дээр илүү анхаарал хандуулдаг байсан бол “Илд цэцэг” дээр дүрслэлээр киноны утга санааг илэрхийлэхийг зорьсон зүйлс оруулж өгсөн байгаа. Онцлоод хэлэхэд киноны дүр болгон өндөг шарж иддэг. Өндөг чинь төрж амжаагүй, хэвлийдээ бойжиж буй амьтны үр шүү дээ. Гэтэл яагаад тэд өндөг шарж иддэг вэ, юуны учир үлгэр байнга уншиж өгдөг вэ зэргийн хариултыг киногоо үзсэний дараа үзэгчид маань өөр өөрсдийнхөөрөө тунгаах болов уу.



-Киноныхоо дууны үгийг өөрөө зохиосон байсан. Шүлэг, найраг бичдэг үү?


-Урлагийнхан ихэнх нь хүн эмзэглэхээр шүлэг бичдэг гэж ярьдаг. Би эмзэглэхээрээ кино хийдэг хүн. Анх “Монголжин” стиудэд очихоосоо өмнө МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн шавь болж “Хүүхэлдэйн театр”-т жүжигчнээр ороод сарын дараа нь найруулагчаар ажиллаж байсан. Би Лхагвасүрэн багшаасаа зохиол хэрхэн бүтдэг, чин сэтгэлийн үгс гэж юу байдаг талаар олон зүйлийг сурч мэдэж авсан. Гэхдээ миний доторх уран бүтээлч хүний хайр театрт бус дэлгэцэнд зориулагдсан байсан. Ингээд багшдаа мөргөж, “Хүүхэлдэйн театр”-ын хаалгыг гаднаас нь хүндэтгэлтэйгээр хаагаад дэлгэцийн урлагт хөл тавьсан. Магадгүй тэр хүнээс сурч үлдсэн зүйл одоо ч миний дотор оршдог болов уу гэж боддог. “Илд цэцэг” киноныхоо дууны үгийг бичихдээ маш их зүдэрсэн, олон цаг сууж бодсон. Яруу найраг бол их ондоо, дууны үг бичихээс ч дээгүүр түвшний зүйл.

-Олон жил замаасаа хазайлгүйгээр кино салбарт өөрийн бие сэтгэлийг зориулж, кино бүтээж ирсэн хүний хувьд Монголын өнөөгийн кино урлагийг түвшнийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Монголын кино урлаг ухраагүй, бүх талаараа урагш зүтгэж явна гэж би боддог. Оросын алдартай зохиолч Хашекийн романы баатар Эрэлхэг цэрэг Швейк “Юу ч болж байсан зөв зүг рүүгээ явж байна” гэж хэлдэг шүү дээ. Яг л тийм байна. Өмнө нь үзэгчид киног нэрэнд нь шохоорхож үздэг байсан бол одоо найруулагчийнх нэрийг хараад сонголтоо хийдэг болчихсон байна. Найруулагч хүн үзэгчтэй болно гэдэг бол маш том дэвшилт. Би эх орныхоо кино урлагийн ирээдүйд ямагт итгэл дүүрэн байдаг.
 
Ярилцсан: Б.Алтанхуяг
 
Холбоотой мэдээ