ХКН-ын XIX их хурал: Дундаж давхаргын нийгэм буюу ардын амьжиргааг дээшлүүлэх 10 зорилт

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2017-10-25 14:27:03
ХКН-ын 19 дүгээр хурлын үеэр тавьсан Хятадын удирдагч Ши Жиньпиний илтгэлд "mei hao sheng huo" буюу “илүү сайхан амьдрал”, “аз жаргалтай амьдрал” гэсэн үг 14 удаа дурдагдсаныг Синьхуа агентлагийн тоймч онцоллоо.
 
Өнгөрсөн таван жилийн дотор Хятад улс эрчимтэй хөгжлийн замд шуудран орж, эдийн засгийн өсөлт нь дэлхийн дундаж үзүүлэлтэээс 2,8  дахин өндөр буюу 7,3 хувьд хүрсэн билээ.
 
Илтгэлд дурдсанаар, 2012 оноос хойших хугацаанд 60 сая гаруй хятад хүн ядуучуудын эгнээнээс гарч дундаж амьжиргаатай болж чаджээ. Мөн хугацаанд жил бүр 13 сая ажлын байрыг том хотуудад бий болгосон байна.
 
Ши Жиньпин Хятад улсыг удирдсан өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус улсын ДНБ-ний хэмжээ 8,56 их наяд доллароос 12 их наяд доллар болж өссөнөөр Европын Холбооны ДНБ-ний түвшинд хүрсэн буюу түүнээс давж гарсан байна.  АНУ-ын Морган Стэнли гэдэг санхүүгийн компанийн 2 дугаар сард нийтэлсэн илтгэлд дурдсаныг үзвэл, Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ одоо 8 мянган доллар байгаа бол 2027 он гэхэд 12 500 долларт хүрэх төлөвтэй байна.
 
Өдгөө Хятад улс 13 дугаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2010 оныхтой харьцуулахад 2 дахин өсгөнө гэсэн зорилт тавьсан байна. Эл зорилтыг биелүүлснээр Хятад улсад дундаж давхаргын нийгэм бүрэлдэн бий болох юм.
 
Дэд бүтцийн асар том төслүүдэд хөрөнгө оруулах, хямд ажиллах хүчинд түшиглэн экспортод хямд бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн хөгжлийн загвар үеэ өнгөрөөжээ.
 
Улс оронд тэнцвэргүй байдал бий болж, хүн амын дунд хөгшрөлт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол үүсч, цалингийн хэмжээ нэмэгдсэн зэрэг нь үйлдвэрлэлийн олон салбарыг ашиггүй ажиллахад хүргэсэн байна. Ийм учраас Хятадын өнөөгийн  удирдлага “дотоодын хэрэглээ бол хөгжлийн хөдөлгөгч хүч мөн” гэсэн дүгнэлт хийгээд чанартай бөгөөд оюуны багтаамж ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улам бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангах явдлыг тэргүүн зэргийн зорилт болгон дэвшүүлжээ.
 
Үүний тулд эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 7 хувьд байлгах хэрэгтэй болж байгаа юм.
 
Forbes-ийн цахим хуудсанд бичсэнийг үзвэл, сүүлийн хэдэн жилийн хугацаанд ХКН-аас дэвшүүлж ирсэн лоозон, уриа нь 19 дүгээр хурлын дараа ч эдийн засгийн бодлогын чиглүүлэгч хэвээр байна гэдэг нь тодорхой боллоо. Хятадын удирдагчид улсын үйлдвэрийн газруудын шинэчлэх үйл ажиллагааны дараагийн үе шатыг эхлүүлж, эдийн засгийн хөгжлийн загварчлалаа улам боловсронгуй болгож, үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцэд хэт ихээр хөрөнгө оруулж байснаа зогсоож, өсөлтийн хойноос хөөцөлдөхгүй гэсэн зарчмыг баримталж байна.
 
Үүний сацуу “Нэг бүс, нэг зам” гэсэн санаачилга нь Хятадын эдийн засгийн ирээдүйд ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.  Энэ нь Хятадын компаниуд гадаад зах зээлд гарахад тус дөхөм болоод зогсохгүй  Хятадын “зөөлөн хүч”-ийг хилийн чанадад бэхжүүлэх  юм.
 
Ши Жиньпиний тавьсан илтгэлд “Хятадын онцлогтой социализм шинэ эрин үедээ орлоо” гэсэн гол дүгнэлтийг хийлээ. Үүний сацуу байнга өсөн нэмэгдэж буй ард иргэдийн хэрэглээ болон хөгжлийн тэгш бус байдал хоёр хоорондоо зөрчилдөж буйг дурдсан. Илтгэлд “хөгжлийн тэгш бус байдал”-ын асуудал оршин буйг дурдаад, уг асуудлыг шийдвэрлэх, үүний тулд ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн дорх 10 арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
 
Юуны өмнө, дундаж орлоготой иргэдийн тоог өсгөх нь зүйтэй гэдгийг чухалчиллаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүн амын орлого нь ДНБ-ний өсөлтөөс илүү хурдтайгаар өсч ирсэн бөгөөд дундаж орлоготой иргэдийн эзлэх байр суурийг бэхжүүлэх нь дундаж давхарга зонхилсон нийгэм байгуулах гол түлхүүр юм.
 
Удаад нь, хөдөөнөөс ирж буй шилжин суурьшигчдын ажил эрхлэлтийг урамшуулан дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. 2016 оны эцсийн байдлаар, хөдөөгийн цагаач ажилчдын тоо 282 саяд хүрчээ. 2012 оны статистик мэдээллээр, энэ тоо 263 сая байсан байна.  
 
Хятадын төмөр замын корпорацийн цахилгаанжуулалтын инженер Зю Сяолиний үзэж байгаагаар, шилжин суурьшигч-ажилчдын хувьд ажил олох нь гол асуудал биш харин хотод төвхнөх, боловсрол, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах болон өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх нь чухал болоод байна.
 
Гуравдахь чухал асуудал бол, тэтгэврийн даатгалын талаарх үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулах явдал юм.
 
Статистик мэдээллийг үзвэл, 2015 оны эцсийн байдлаар, Хятад улсад 60-аас дээш насны 222 сая хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 16,1 хувь болж байна. Хүн ам хөгширч байгаа нь тэтгэврийн сангийн төлбөрийн тэнцвэрт маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Ши Жиньпиний илтгэлд “тэтгэврийн даатгалын нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд бий болгох нь зүйтэй” гэсэн байна.
 
Дөрөвдүгээрт, эмнэлгийн байгууллагууд эм борлуулснаас олох орлогоос хамаардаг байдлыг халах явдал. Эмнэлгүүдэд зарж буй эмэнд нэмэгдэл үнэ тогтоож ирсэн 60 жилийн практик уламжлалыг халснаар ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж буй зардал нь амьжиргааны нийт зардалд эзлэх хэмжээ 30 хувиас доошилж буурчээ.
 
Тавдугаарт, хотуудад ирж ажиллаж буй шилжин суурьшигч-ажилчдад дунд боловсрол олгох.
 
Зургадугаарт, 2020 он гэхэд ядуурлыг бүрэн устгаж, дундаж давхаргын нийгмийг байгуулах.
 
Долдугаарт, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг экологийн асуудлыг шийдвэрлэх. Хятад улс 2013 оноос эхлэн эдгээр төрлийн бохирдолтой тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа юм. Статистик мэдээллээр, 2016 онд PM2,5 буюу маш жижиг ширхэгтэй тоосонцрын бөөгнөрлийн хэмжээ Бээжин-Тянжинь-Хэбэйгийн бүс нутаг,  Янжы  болон Жөжиан  голуудын сав газарт 30 хувиар буурсан байна. I-III ангиллын гадаргын усны  хэмжээ 67,8 хувиар нэмэгджээ.                                                                                                

Наймдугаарт, Хятад улсын иргэн бүрийг орон сууцаар хангах зорилгоор олон хувилбарт даатгал бүхий орон сууцны хангамжийн тогтолцоог бий болгох.  

Есдүгээрт, хүнсний аюулгүй байдлын стратегийн бодлогыг хэрэгжүүлэх. Хоол хүнсний аюулгүй байдлын асуудал нь Хятадын 1,3 тэрбум хүний эрх ашигтай шууд холбоотой юм. Хөнань мужийн Технологийн их сургуулийн профессор Жу Жэньган-ы үзэж байгаагаар, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд нэг талаас, хяналтыг чангатгаж, стандартыг дээшлүүлэх, нөгөө талаас, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанарыг сайжруулахын тулд бохирдлын хэмжээг бууруулах нь чухал байна.
 
Аравдахь зорилт бол, эхчүүд, хүүхдүүд болон ахмад настнуудын асран халамжлах үйлчилгээний тогтолцоог бий болгох явдал юм.
 
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр Хятад улс эдийн засгийн багтаамжийн хувьд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал, Лондонд төвтэй санхүүгийн PwC компанийн таамаглаж байгаагаар, зах зээлийн солилцооны ханш эсвэл худалдан авах чадварын харьцааны аль алинаар нь тооцоход  Хятад улс 2030 оноос өмнө АНУ-ыг гүйцэж түрүүлэх ажээ.
 
Б.Адъяахүү  
Эх сурвалж: Синьхуа агентлаг 

  

Холбоотой мэдээ