Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-10-11 10:37:01
НЬЮ-ЙОРК. /НҮБ/. Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. НҮБ-ын гишүүн 193 улс оронд 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр байгаа юм.

Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

2017 оны 10 дугаар сарын 11-ний энэ өдөр дэлхий нийт “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”- ийг “Хямрал сөргөлдөөнөөс өмнө, хямралын үед болон дараа нь ч охидын эрхийг хамгаалцгаая!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр дэлхийн хэмжээнд 1.1 тэрбум орчим охин хүүхэд байна. Ирээдүйд сайн сайхан амьдруулахын тулд тэдэнд бүгдэд нь адил тэгш боломжийг олгох ёстой. Охид бол эрч хүч, хүч чадал ба бүтээлч байдлын ундарга юм. Тэд дэлхий ертөнцийг илүү сайн сайхан зам руу оруулж, сайхан ирээдүйг бүтээхэд тусалж чадна. Гэхдээ өнөөдөр дэлхийн олон улс оронд, тухайлбал дайн байлдаантай байгаа улс орнуудад охидын эрх ноцтой зөрчигдөж, тэд өдөр бүр ямар нэгэн байдлаар биеийн махбодийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “Өнөөдөр дэлхийн хаа нэгтээ 10 минут тутамд өсвөр насны нэг охин хүчирхийллийн улмаас амиа алдаж байна. Охидыг хүйсээр ялгаварлан гадуурхах, насанд хүрэхээс нь өмнө хүчээр гэрлүүлэх, охидыг хулгайлах зэрэг явдал улам газар авч байна. Дайн байлдаан, зөрчил мөргөлдөөнтэй улс орнуудад өсвөр насны охидын бараг 90 хувь нь сургууль завсардаад байна. Энэ нь охидын цаашдын аж амьдралд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хараат бус байдлыг нь алдагдуулах сөрөг үр дагавартай учир тэднийг боловсрол эзэмших боломжоор хангахад дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэжээ.

Г.Доржханд
 
Холбоотой мэдээ