Тэнгэр нурахаас өмнөх шувуудын “эрх чөлөө”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2017-09-18 16:57:52

Урлагт “эрх чөлөө” хамгийн чухал гэх ойлголт нэн шинэ үеийн давалгаанд хамаарагддаг. Тиймдээ ч шинэ үеийн уран бүтээлчид бидэнд “Мөнхийн эргүүлэг. Хэзээ ч зогсошгүй. Чөлөө учрал хомс. Заримдаа зав олдоно. Гайхширна. Бид хэн бэ? Хаанаас ирсэн бэ? Хаашаа явж байна вэ?” ийм асуулт тавьж байна.

Зүгээр л холбоо үгнүүдийг хооронд нь холиод биччихсэн мэт боловч дээрх асуултуудаас тэдний уран бүтээлийн онцлог шинж, далд утга тодрон харагдана. Энэ бол нэн орчин үеийн урлагийн төрлөөр ид, эрчтэй туурвиж буй  зураач Д.Одончимэг, Ц.Даваажаргал нарын хамтарсан “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр” үзэсгэлэн юм. Үзэсгэлэн энэ сарын 6-наас эхлэн 976 арт галлерейд гарч олон нийтэд хүрсэн бөгөөд ирэх сарын 6-ныг хүртэл үзэгчдийн мэлмийг баясгах гэнэ.  

Франц улсад суралцаж, уран бүтээлээ туурвихын хажуугаар дэлхийн хэмжээний томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж яваа залуу уран бүтээлч Д.Одончимэг болон саунд артист, “Моханик” хамтлагийн дуучин Ц.Даваажаргал нар ийнхүү хамтран “Тэнгэр нурахаас өмнө, Салхи сэрэх үеэр” нэртэй үзэсгэлэнгээ гаргажээ. Ойрын өдрүүдэд үйл ажиллагаа таг чиг байсан 976 арт галлерей ийнхүү шинэхэн уран бүтээлчдийн, өвөрмөц амьсгал, шинэ дүрх төрхийг харуулсан бүтээлүүдтэйгээр эргэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Хамгийн гол нь тус галлерейн хамт олон “Alaqai, Matthias Küper Galleries”-тэй хамтран олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа тэлж Германы Штутгард, Хятадын Бээжин хотод монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэж, гадны уран бүтээлчдийн үзэсгэлэнг монголын урлаг сонирхогчдод хүргэх их үйлсийг гарааг тавьж буйгаараа онцлог юм.





Ц.Даваажаргал энэ жил алдарт Венецийн биеннальд Монголыг төлөөлж буй таван уран бүтээлчийн нэг юм. Тэрээр үзэсгэлэнгийнхаа бүтээлүүдийг “Энэ бол цаг хугацааны асар түргэн эргүүлэг дундаас өөрийгөө атгах гэсэн оролдлого” хэмээн тайлбарлаж байв. Мөнхөд үргэлжлэх одоо цаг, эцэс төгсгөлгүй хурдны тухай түүний бодролууд ийн дуу авиа болон гарч байна. Уг үзэсгэлэнд толилуулан буй түүний хөгжим таныг магад гүн гүнзгий бодол руу хөтөлж, огт өөр орон зайн гүнд аваачин, тэндээ үүрд үлдээж болох юм.

Мөнхүү түүнтэй хамтарч буй Д.Одончимэг зураасан зургийн төрлөөр туурвисан ажлуудаа дэлгэжээ. 2015-2017 оны хооронд Францад бүтээсэн уг зургууд хүн ба байгалийн нарийн холбоо, тэдгээрийн харилцаан дахь хувьслын тухай нэг сэдэвт төвлөрсөн нь шууд мэдрэгдэнэ. Шувууд жигүүргүй, бид жигүүртэй байсан ч бил үү гэх үлгэр домгийн төсөөлөл шуудхан нүдэнд үзэгдэхээс өгсүүлээд олон утга санааг түүний зургууд илтгэн харуулна.

“Заримдаа тэнгэр нурах гэж байгаа юм шиг, салхи сэвэлзээд амьдрал биднийг хаа нэгтээ дуудаад байх шиг... Бид завгүй гүйлдэн, амьдралын төлөө зүтгэж явна гэсээр нэг л мэдэхэд өдөр хоног, цаг хугацаа нисэх мэт өнгөрнө. Хэсэг нэгэн нь хожиж, дэвжиж байна хэмээн бодох. Гэвч бид уруудаж байна уу?” хэмээн уран бүтээлч бүсгүй үзэгчдээс асууж байна.

Магадгүй цаасан дээр дүүлэн нисч буй шувууд өөрийнхөө төлөө салхи хайчлан нисч буй хэрээ гэхээс илүүтэй амьдралд уруудсан ч бууж өгөлгүйгээр шат ахин алхаж буй энгийн жирийн нэгэн хүний дүр ч байж мэдэх. Урлаг бидэнд ийм л олон гаргалгаа төрүүлэхгүй бол “урлаг” байж чадахгүй шүү дээ.

Ингээд бичвэрийнхээ төгсгөлд уран бүтээлч Д.Одончимэгтэй цөөн хором ярилцсанаа уншигчдад хүргэж байна.



-Бид амьдралаас үргэлж гэрэл гэгээ хүсч байдаг. Тэр ч утгаараа урлагаас ч мөн тунгалаг мэдрэмж эрж хайдаг. Таны бүтээлүүд хүмүүст тийм мэдрэмжийг өгч чаддаг болов уу?

-Миний бүтээлүүд хүмүүст гэрэл гэгээ өгч чаддаг эсэхийг сайн мэдэхгүй. Миний үндсэн зорилго ч бас энэ биш байх. Ямарваа нэгэн зүйлийг хүмүүст сургамжлах нь, тэр хүнд гэрэл гэгээ түгээхсэн гэж урлагийг бүтээвэл ямар ч үнэ цэнгүй. Агуу их Ницше “Амьдрал ямар сайхан болохыг урлаг бидэнд харуулж байдаг. Үгүй бол эргэлзээ төрнө” гэж хэлсэн удаатай. Тиймээс миний бүтээлүүд хүмүүсийн дотоод хэм хэмжээг ариусгадаг байгаасай гэхээс илүүтэйгээр гүн гүнзгий бодол, мэдрэхүй, мэдрэмж үлдээгээсэй гэж хүсдэг.

-Ихэнх бүтээлүүдэд тань хүний тасарсан бие эрхтнүүдийн дүрслэл, эсвэл шувуу их байх юм. Үүнд өөрийн гэсэн философи байгаа байх. Та тайлбарлаж өгөхгүй юу?

-Би хүний нүүр царай зурах дургүй. Ойр дотны минь хэн нэгэнтэй төстэй болчихвий гэхээс эмээдэг. Хүний бие гэж их сонин, нууцлаг ертөнц. Бид нар бүгдээ булчин шөрмөс, яс, цус, олон олон судастай. Бидний мэдэхгүй олон сонирхолтой баримтууд байдаг. Түүнээс гадна хувь хүн хэзээ ч өөрийнхөө биеийг 100 хувь мэдэрч чаддаггүй. Бүх л эрхтэнгүүд нь өөрийн гэсэн үүрэг, утга учир, уялдаа холбоотой. Би ихэвчлэн толгойгүй хүн зурдаг бөгөөд үүнд маш олон утга бий. Бидний дунд мөрөн дээрээ толгойтой мэт боловч яг өөрийн гэсэн толгойгүй, үзэл бодол, чиг хандлагагүй маш олон толгойгүй хүмүүс бий.

-Зарим хүмүүс хэнд ч, бүр өөрөө ч ойлгогдохооргүй хачин зүйлс хийчихээд түүнийгээ орчин үеийн урлаг гэлээ гэж ярьдаг. Үүний тухай…

-Нээрэн тиймэрхүү зүйл их ажиглагддаг шүү. Гол нь хэн үнэнхүү урлагийг бүтээж байгааг үзэгчдийн мэлмий, оюун бодол л тунгаан шүүх биз. Бидний амьдарч буй орчлон ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Тэр утгаараа урлаг хэний ч санаанд оромгүй зүйлсээр дүүрсэн гэж ярих хүмүүсийн тоо ихэссэн.

-Бас хэний ч санаанд оромгүй хачин этгээд зүйлс хийдэг уран бүтээлчид олшироод байгаа юм биш үү?

-Тухайн бүтээлчийн ертөнц шүү дээ. Хүн заримдаа амархан гомдож, тунирхдаг. Тийм үедээ л олон янзын бодолд автагдаж, харанхуйгаас гарах гэсэн хүсэлдээ хөтлөгдөж янз бүрийн зүйлсийг хооронд нь эргэцүүлж байдаг. Тэр л эргэцүүллээс нь хүмүүсийн ойлгомжгүй гэж ярьдаг бүтээлүүд төрдөг байх. Надаас хэн нэгэн хүн бүтээлийнхээ утга санааг тайлбарлаж өгөхийг хүсэх юм бол би төвөггүй хариулна

-Өөрийн гэсэн орчин нөхцөл бүрдүүлж, бүтээлүүдээ хийдэг үү. Ямар орчинд зураг зурах таатай санагддаг вэ?

-Надад тансаг том урлан, алтан бийр хэрэггүй. Зургаа зурж байхад нарны гэрэл тод тусдаг, чимээ багатай өрөө байхад л болно.

-Нэг ч зураг тань жаазгүй байх юм. Яагаад тэр юм бол…

-Тус үзэсгэлэн дээр өөрийн сайн гэж боддог бүтээлүүдээ авчирч чадаагүй. Миний ихэнх бүтээлүүд жаазнаас гадуур оршдог. Учир нь тэд гоёл чимэглэлийн зүйлс биш. Хааяа надад гурав дахь мэлмий буй мэт санагддаг. Тэр л мэлмийгээр харахад эргэн тойрны бүхий л зүйлс өөр харагддаг. Нэг бол энэ төсөөлөл эсвэл жинхэнэ дүр төрх нь ийм байх гэж би боддог. Ийм л мэдрэмжүүдийг хүртэх үед зургуудаа жаазалж өлгөмөөргүй санагддаг. Нөгөөтэйгүүр энэ бол эрх чөлөө. Хязгааргүй эрх чөлөөг хүсэмжилсэн сэтгэхүйн туршилтуудыг би хийж байгаа. Тиймдээ тэдэнд тохирох жааз хоосноос өөр юу ч биш.

-Франц руу эргээд буцна гэхээр ямар санагдаж байна. Дотно нандин бүхнээсээ холдохоор хүний цээж хоосорчихсон мэт мэдрэмж төрдөг дөө. Эсвэл эсрэгээ байна уу?

-Эх орныхоо тухай дотор бодож байдаг бүхнээ уудлан ярьж байгаад сүүлд нь буцна гэдгээ бодсон чинь жаахан гуниг төрж байна. Гэхдээ зүгээр, би уран бүтээлээрээ эх орон, ээж аавынхаа нэрийг өндөр өргөх гэж, зорисон зорилгодоо хүрэх гэж алсын орныг зорьж байгаа. 
 
Б.Алтанхуяг
 
 
Холбоотой мэдээ