Монгол арьсны давтагдашгүй чанар “MR” брэнд

МОНГОЛ БРЭНД
montastudio@montsame.gov.mn
2017-01-16 17:24:44
233x350 

Насан туршийн хэрэглээ болсон монгол арьсаар бүтээгдэхүүн хийдэг үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр дэлхийн зах зээл дээр дуугаа хадаан мэндлэх монгол брэндийн тоо олширч байгаа нь нэн олзуурхууштай.


Монголчууд хэн нэгнийг шинэ эд зүйлтэй болоход “Эд нь хэврэг эзэн нь мөнх байг” гэж ерөөдөг. Эрдэнэт хүнийг эд хэрэглэлээс илүү эрхэмлэн дээдэлдгийн илэрхийлэл нь энэ үг юм. Гэсэн хэдий ч монголчуудын эдлэл хэрэглэл эзнээсээ урт наслах нь олонтаа. Үүний нэг нь монголд үйлдвэрлэсэн арьсан бүтээгдэхүүн билээ. Алгын чинээ арьсыг алд дэлэм болтол нь татаж сунгаж орц хольцыг нь олшруулан баяжуулдаг өнөө цагийн технологиор биш байгалийн натурал шинжийг нь алдагдуулахгүйгээр зөөлөн аргаар боловсруулдагт л Монголын арьсан бүтээгдэхүүний давтагдашгүй чанар оршдог. Япончууд номын хавтас хийдэг арьсаа зөвхөн Монголоос авдаг нь энэхүү бүтээгдэхүүний чанарт дарсан тамга гэлтэй. Насан туршийн хэрэглээ болсон монгол арьсаар бүтээгдэхүүн хийдэг үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр дэлхийн зах зээл дээр дуугаа хадаан мэндлэх монгол брэндийн тоо олширч байгаа нь нэн олзуурхууштай. Тэдний нэг “MR” брэндийг бид энэ удаа онцлон танилцуулахыг зорилоо.


SRB” компанийн арьсан цүнхний “MR” брэнд мэндлээд таван жил болж байгаа ч хэдийнэ дотоодын болон Япон, Солонгос, Тайваний хэрэглэгчдийн шагшин магтдаг бүтээгдэхүүн болж зах зээлд эрэлттэй байна. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, аяллын, ажил хэргийн, гоёлын 70 гаруй төрлийн цүнх, 30 гаруй төрлийн хэтэвч, түлхүүрийн гэр гэх мэт жижиг эдлэлийг Монголдоо боловсруулсан арьс ширээр үйлдвэрлэдэг нь тус компаний онцлог давуу тал юм. Тэд эл бүтээгдэхүүнүүдээ зөвхөн үхэр сарлагийн сайн чанарын ширээр хийдэг бөгөөд өөдсийг нь арьсаар бүтээгдэхүүн хийх дадлага хийж буй асрамжийн газрын хүүхдүүдийн сургалтын хэрэгцээнд нийлүүлдэг байна.


60 гаруй сая малтай, “Мал аж ахуйн орон” хэмээн цоллогддог Монгол улс 1.566.600 хавтгай дөрвөлжин газар нутагтайн 83.2 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлж байна. 20-р зууны эхэн үеийг хүртэл нүүдлийн соёл иргэншлээ хадгалж байсан тус улс эдүгээ ч бэлчээрийн мал аж ахуйгаа дагнан эрхэлсээр байгаа нь арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд санаанд оромгүй олз болсон юм. Учир нь хотжиж бохирдоогүй атар хээрийн бэлчээрт байгалийн өвс ургамал идэж байгаа малын арьс хамгийн натурал бөгөөд боловсруулах үйлдвэрийнхэн ч энэхүү эрхэм чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчиддээ хүргэхийг хичээн нүүдэлчдийн уламжлалт технологийг ашиглаж байгаа нь сайшаалтай.



Монголын арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дотор нь монгол арьс хэрэглэгч, импортын арьс ашиглагч гэсэн хоёр үндсэн бүлэгт ангилж болно. Бидний танилцуулж буй “MR” брэндийн бүтээгдэхүүнүүд нь цэвэр монгол арьсаар үйлдвэрлэгдсэний зэрэгцээ монгол дизайнеруудын ур ухаан шингэсэн загвар хийц, сав, баглаа боодолтой, өөрөөр хэлбэл 100 хувь Монгол нутагт төрүүлж өлгийдсөн брэнд гэдгийг дуулгахад таатай байна. Брэнд гэгч зүйл цаг хугацааны шалгуурыг туулж хэрэглэгчдийн итгэл үнэмшлээр баталгааждаг онцгой нандин “бүтээгдэхүүн” учраас тавхан настай MR-ийг өнөөдөр төгс төгөлдөр брэнд хэмээн зарлахад эрт байна хэмээн “SRB” компанийн захирал хатагтай Б.Энх-Оюун даруухан мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр өөрийнх нь санаачилсан MR брэнд 2015 оны Үндэсний шилдэг загвартай бүтээгдэхүүнээр шалгарч шагнал өргөмжлөл гардах үеэр дээрх үгээ хэлсэн бөгөөд энэхүү бүтээгдэхүүний туршилт, танилцуулгын хугацаа дуусч сайжруулалтын зорилтот он жилүүд эхэлж байгааг онцолсон билээ. Томоохон төсөл дээр ажилладаг нөхрийнхөө долларын цалингаар анхны ажилчдаа цалинжуулж хоёр гуравхан хүнтэй цех маягаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тухайгаа энгүүн нэг хуучлах Б.Энх-Оюун хатагтайн компани өдгөө өөрийн гэсэн үйлдвэртэй болж анхны брэндээ хэдийнэ өлгийджээ. Долоон өнгийн арьсаар урласан гар хийцийн содон цүнхнүүдээс дулаан орны хэрэглэгчид тод өнгийг нь өөрсдийн загвараараа захиалж хийлгэдэг бол монгол хэрэглэгчид нь арьсны байгалийн өнгийг ихэвчлэн сонгодог гэнэ. Тавхан жилийн хугацаанд бизнесийн салбарт өөрийн орон зайгаа эзэлж амжсан MR брэндийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж явахад “Чанарт реклам хэрэггүй” гэдэг үг тархинд эргэлдсээр байлаа. Тэдний анхны хэрэглэгч, захиалагчид япончууд байсан нь дээрх брэндийн өсөлт төлөвшилтөд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Ясны зарчимч, стандартч, өндөр шалгууртай тэр л хэрэглэгчиддээ таалагдахын тулд эхний гурван жил нойр хоолоо умартан уйгагүй хөдөлмөрлөсний үр шимийг саяхнаас хүртэж эхэлжээ. Бурхан өөртөө тусалдаг хүнд тусалдаг гэж энэ ажгуу.


 Б.Энх-Оюун захирлаас бүтээгдэхүүнийх нь үнийг сураглахад “Манай бүтээгдэхүүнүүд 20-500 долларын хооронд л байдаг. Бид ашгийн төлөө явах     болоогүй” хэмээн хариулсан юм. Тэдний өмнөө тавьж буй хамгийн гол зорилт бол монгол арьсыг брэнд болгож, олонд таниулж, илүү чанартай юм байна   гэдгийг мэдрүүлэх гэнэ. Импортын нэг арьсаар 3-4 цүнх эсгэдэг бол монгол арьсаар нэг л цүнх хийдэг аж. Учир нь Монгол улсад нэгдсэн мах бэлтгэл гэх   ойлголт байдаггүй, улс орныхоо өргөн уудам бэлчээрт тархсан мал сүргээс хүн болгон дуртайгаа сонгон хэрэгцээт хүнсээ бэлтгэдэг тул арьсыг өвчихдөө   цоолох, гологдол гаргах явдал түгээмэл байдаг юм байна. Мөн боловсруулах үйлдвэрүүд өөрсдийн тохирох технологио олж нутагшуулж чадаагүй байсан   үед монгол арьсаар бүтээгдэхүүн хийхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг байв. Б.Энх-Оюун захирал анх Японоос их хэмжээний захиалга авчихаад арьсны   чанар судалж үзэхэд “Монгол шевро” компаниас өөр тэдний шаардлагад нийцэх компани олдоогүй гэнэ. Үйлдвэрлэлийнхээ явцад тэрээр “Монгол шевро”,   “Дархан нэхий”, “Их эргэлт” компаниудтай түншилж технологичидтой нь хамтран үйлдвэрлэлийнхээ үндсэн түүхий эд болох арьсны чанараа сайжруулсаар   өнөөдөр хааш нь ч экспортолсон хариуд нь “баярлалаа”-гаас өөр үг сонсохооргүй шилмэл монгол арьсыг гаргаж авч чаджээ. Дашрамд дурдахад, Монгол   Улсын арьс ширний салбар жилдээ 150-160 тэрбум төгрөгийн түүхий эд бэлддэгээс 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний түүхий эдийг үндэсний   үйлдвэрлэгчид худалдаж авдаг байна. Харин үлдсэн 120 гаруй тэрбум төгрөгийн түүхий эдийг хагас боловсруулан гадаад улс руу экспортолдог ажээ.


 Хятадад нэг товчлуур дараад өдөрт хичнээн мянган цүнх үйлдвэрлэдэг бол манайд бүгдийг нь гар аргаар оёж хатгадаг. Тиймээс л эднийх бүтээгдэхүүнээ   “Насан туршийн хэрэглээ” хэмээн сурталчилдаг аж. Энэ бол монгол арьсны шинж чанарыг илэрхийлэхэд яг тохирсон үг. Жинхэнэ монгол арьсаар хийсэн   Монголын давтагдашгүй содон гар урлалын бүтээгдэхүүн MR брэнд нь “Mongolian leather” хэмээх эрхэм нэр хүндийг дэлхийд таниулах их аяндаа ийнхүү   хэдийнэ дөрөөлжээ. Аяны зам бартаа саадгүй, амжилтын уухай цээл тодхон байх болтугай.


Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэр:
Монгол цүнхээ хятадуудад гайхуулдаг

Монгол улсын телевизийн нэр хүндтэй нэвтрүүлэг “Монгол тулгатны 100 эрхэм”-д уригдан оролцох үеэр тус  нэвтрүүлгийн багаас надад MR брэндийн маш сайхан арьсан цүнх бэлэглэсэн. Энэ цүнхээ үүрээд явж байхад олон хятад хүн надаас “Энэ хаанахын эд вэ” гэж асуудаг. Тэд үргэлжлүүлээд “Асар үнэтэй  байх даа”, “Гайхалтай юмаа” гэхчилэн үгээ олохгүй магтаж, барьж имэрч үзээд бөөн юм болдог. Би эдээр гангарах дургүй ч “Миний Монголын бүтээгдэхүүн” гэж ам дүүрэн хэлдэг. Сэтгэл цадах шиг болдог.

 

   






Буриадын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү:
Насан туршийн хэрэглээ MR

Би Монголынхоо үндэсний үйлдвэрлэгч SRB” компанийн арьсан цүнхний “MR” брэндийн рекламанд тоглосондоо баяртай байдаг. Чанарт реклам хэрэггүй гэдэг шүү дээ. Хэдийгээр маш оновчтой хэлсэн үг боловч жинхэнэ чанарыг бусдад танилцуулах л хэрэгтэй. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүний шуурга болж байгаа энэ цаг үед хэрэглэгчид жинхэнэ чанарыг эрж хугацаа битгий алдаасай, шууд “MR”- брэндийг сонго гэж хэлэх байна.

 


Б.Занданхүү

Холбоотой мэдээ