С.Альтман хиймэл оюун ухааныг хөгжүүлэх олон улсын холбоо байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-04-11 15:53:07

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /Bloomberg/. Америкийн OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх зорилго бүхий олон улсын холбоо байгуулахын тулд хэд хэдэн улс орон, салбарын тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж байна.


Тус компани дэлхий даяар чип, эрчим хүч, мэдээллийн төвүүдийн дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм. 


Энэ долоо хоногт С.Альтман АНЭУ болон баруун орнуудын хөрөнгө оруулагчид, албаны хүмүүстэй хэд хэдэн уулзалт хийжээ. Тухайлбал, АНЭУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Мартина Стронгтой уулзсан байна. Мөн долоо хоногийн сүүлчээр Вашингтонд албаны хүмүүстэй уулзахаар товложээ. 


Тэрбээр бизнес эрхлэгчид, засгийн газрын төлөөлөгчидтэй чипний үйлдвэр байгуулахад олон улсын хөрөнгө оруулагчдаас олон тэрбум долларын хөрөнгө татах асуудлыг хэлэлцжээ. Хиймэл оюун ухааны технологийг ашиглахад системүүд дээр ачаалал ихтэй байдаг тул илүү их хүчин чадалтай чипүүд хэрэгцээтэй байгаа юм. 


OpenAI компани Microsoft-той хамтран 100 тэрбум долларын хөрөнгөөр хиймэл оюун ухаант супер компьютер бүхий Stargate дата төвийг байгуулах гэж байгаа тухай өнгөрсөн сарын сүүлчээр мэдээлж байсан билээ. Хиймэл оюун ухаант супер компьютер бүтээснээр илүү төвөгтэй өгөгдлүүдийг боловсруулах боломжтой болно. Дата төвийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ