Технологийн шийдлээр даатгалын үйлчилгээг хялбарчилж, түгжрэлийг багасгах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-05 12:36:04

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын Даатгалын холбооноос салбарынхаа 90 жилийн ойг тохиолдуулан "Жилийн хамгийн том 1️ хувь" аян өрнүүлж, өнөөдөр "Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө" хуралдааныг зохион байгуулав.


Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Нийслэлд амьдарч буй иргэд жилд нэг сартай дүйцэх хугацааг түгжрэлд өнгөрүүлж байна. Засгийн газраас Цахим хөгжлийн багц хуулийг баталсан. Төрд байгаа мэдээллийг хуваалцаж, шаардлагатай үед хувийн хэвшилд ашиглуулах боломжтой. Даатгалын компаниуд осол болсон газар хүн явуулж, цагдаа ирэхийг хүлээж цаг алдалгүй камерын тусламжтай зөрчлийг шийдсэнээр үр дүн гарна. Гэхдээ тухайн осолд гуравдагч этгээд оролцоогүй, хүний амь нас эрсдээгүй байх гэхчлэн хөнгөн зөрчилд цаг хугацаа хэмнэх технологийн шийдлийг ашиглах юм. Мөн даатгалын компаниуд заавал хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүйгээр жишиг аргачлалаар хохирол барагдуулж, гэрээт засварын газраар үйлчилгээ үзүүлснээр цаг хэмнэх боломжтой”-г тэмдэглэжээ. 


Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн 25,235 осол бүртгэгдсэнээс 21 мянга нь нийслэлд гарчээ. Энэ ослын 2600 орчим нь замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж, зорчих эрчмийг багасгадаг. Нэгж ослыг шийдэх хугацаа 38 минут буюу жолооч нар төдий хугацаанд зам дээр гацдаг. Эдгээр ослын 71 хувь нь 8.00-19.00 цагийн хооронд гардаг. Иймд зам тээврийн ослоос шалтгаалж буй түгжрэлийг сааруулахаар мэргэжлийн оролцогч, даатгалын компаниуд ажиллаж байна. 


Монголын Даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул “Зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг богиносгохоор хиймэл оюун ухааны тусламжтай газар дээр нь үнэлгээ хийх “Zuragu system” технологийн шийдэл боловсруулсан. Мөн даатгалын салбарт хэрэгжиж буй нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан нийслэлийн хаана, ямар эрсдэл гарч байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн. Мэдээллийг нэгтгэн дүгнэдэг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлж, төрд байгаа мэдээллийн баазтай холбон эко систем үүсгэснээр түгжрэлийг 10-15 хувиар бууруулж болно. Ослын дараа 30 минутад түгжрэлийн урт хойш нь 4 км сунадаг тооцоо бий. Тиймээс механик ажиллагааг багасгаж, цаг хэмнэн, түгжрэлд үзүүлэх нөлөөллийг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллага хамтран шийдлээ хэлэлцэх нь чухал” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ