Үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульдаа тусгасан анхны улс Франц боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-03-05 13:51:26

ПАРИС. 2024 оны гуравдугаар сарын 5 /BBC/. Франц улс үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульдаа тусгасан дэлхийн анхны улс боллоо. Тус улсын парламентын хоёр танхим өчигдөр Версалийн ордонд нэгдсэн хуралдаан хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эцэслэн баталжээ.


1958 онд батлагдсан Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт, өөрчлөлт энэ бөгөөд 2008 оноос хойш анх удаа оруулж буй өөрчлөлт болж байгаа юм. Францад үр хөндүүлэх эрхийг 1975 оноос хуульд тусгасан байдаг.


Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дээрх шийдвэрийг үндэсний бахархал, дэлхий дахинд илгээсэн дохио боллоо хэмээн мэдэгджээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Францад олон нийтийг хамарсан тусгай ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 


Францын Ерөнхий сайд Габриэль Аттал мэдэгдэхдээ, энэхүү өөрчлөлтийг "түүхэнд бичигдэн үлдэх чухал алхам" гэж нэрлэв. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнг харахад тус улсын иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна.


Үүний сацуу Францад болсон санал хураалтын дараа үр хөндөлтийг эсэргүүцэж буйгаа Ватиканаас зүгээс дахин илэрхийлж, "хүний амийг авах эрх" байж болохгүй" гэж мэдэгдэв.


2022 оны зун АНУ-ын Дээд шүүх "үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгаагүй" гэж үзээд холбооны улсын түвшинд үр хөндөлтийг хуулиар зөвшөөрснийг хүчингүй болгож, түүнийг зохицуулах эрхийг муж улсуудын эрх баригчдад шилжүүлсэн юм. Улмаар 20 муж улсад үр хөндүүлэхийг хориглосон эсвэл хориглохоор төлөвлөж байгаа ажээ. Чухамдаа АНУ-ын Дээд шүүхийн энэ шийдвэр нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгана гэж амлах шалтгаан болжээ.



Холбоотой мэдээ