ГОВЬ-АЛТАЙ: Өвөлжилт хүндэрсэн найман сумын малчдад 400 тн тэжээл үнэ төлбөргүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-19 15:33:21

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Цаг уурын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.


Ажлын багийнхан хоёрдугаар сарын 19-нд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, орон нутгийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцан, Монгол Улсын Засгийн газраас цаг агаар хүндэрсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм.



2023 оны жилийн эцсийн мал тооллогоор Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгон, 88 багийн 8135 малчин өрхөд 3013.1 мянган толгой мал тоолуулжээ. Үүнээс дотоодын хэрэгцээнд 296.6 мянган толгой мал, зах зээлд 469.5 мянган толгой, нийт 766.2 толгой мал нийлүүлж, 303.1 мянган толгой мал өвөлжсөн тухай Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.


Одоогоор тус аймгийн хэмжээнд 20026 толгой мал хорогдоод байна. Үүнээс бод 1224, бог 18802 байгаа ба энэ нь нийт малын 0.7 хувийг эзэлж буй аж.


Говь-Алтай аймгийн нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд Баян-Уул, Жаргалан, Хөхморьт, Тайшир, Есөнбулаг, Дэлгэр, Халиун, Шарга сум цас ихтэй, зудын эрсдэл их байна. Иймд улсын нөөцөөс дээрх найман сумын малчин өрхөд нийт 400 тн тэжээлийг үнэ төлбөргүй олгохоор болж, эхний ээлжийн цуваа замдаа гарлаа. Зарим суманд очиход цас ихтэй, зам гүвээ хаагдсан учир Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн алба хаагчид хаагдсан зам давааг нээж, өвс тэжээл саадгүй хүргэхэд хамтран ажиллаж байгаа аж.



Сайд Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт хоёр өдөр ажиллах ба эхний өдөр Нэгдсэн эмнэлэг, Есөнбулаг сумын Нэгдүгээр сургууль, Гуравдугаар цэцэрлэг, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцах бол хоёрдугаар сарын 20-нд Баян-Уул, Жаргалан, Тайшир сумын малчдын хаваржилт, нөөцийн өвс, тэжээлийн нийлүүлэлтийн ажилтай танилцах юм.

Холбоотой мэдээ