ХЭНТИЙ: Цахим аймаг болохын төлөө ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-15 10:54:08

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/Хэнтий аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон Ц.Батжаргалтай хэлтсийнх нь  ажил байдлын талаар тодруулж ярилцлаа.  


-Хэлтсийн даргын ажлаа хэзээ хүлээж авав. Энэ хэлтсийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар?

-Шинэ оны босгон дээр зохицуулалтын газрынхаа яг нэг жилийн ойн дээр ажил хүлээж авлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг цахимжуулан хүн, хуулийн этгээдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэн, хуулийн этгээдэд хүргэж ажиллах үүрэгтэй. Нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд төрийн үйлчилгээг операторын горимоор буюу “ХУРДАН” 144 цэгээр дамжуулан 350 мянга гаруй үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэж ажилласан байна. Хамгийн товчхондоо иргэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, бичиг цаасны олон шат дамжлагыг алгасаж шуурхай авах, нөгөө талдаа албан тушаалын хүнд суртал, авлигын индекс буурахад хүчин зүйл болох чухал үүрэгтэй байгууллага юм.

-Танай хэлтэс ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?

-Манай хэлтсийн хувьд таван орон тоотой ажиллаж байна. Хэнтий аймгийн хэмжээнд Бор-Өндөр сум, Эвт худалдааны төв, аймгийн ЗДТГ гээд гурван хэсэгт хурдан  цэг ажиллаж байгаа юм.

-     -Ажлаа хүлээж авснаас хойш ямар ажлуудыг хийж амжуулав?

-Тэрийг хийлээ, энийг хийнэ гэхээс илүү одоогоор ажилтайгаа танилцаж, ажлаа судалж байна. Цахим улс болохын тулд цахим аймгийг бүтээнэ. Энэ бодлогын шилжилтийг хэрэгжүүлэхэд чадах бүхнээ хийж ажиллана гэж бодож байна.

Холбоотой мэдээ