ХЭНТИЙ: Шинэ музейд зочилж нутгийн онцлог, үүх түүх, соёлын сонирхолтой үзмэрүүдтэй танилцаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-11 13:10:32

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 10  /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн шинэ музей 2022 онд ашиглалтад орсон бөгөөд нийт зургаан танхим, 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлээс бүрджээ.

Үүний 400 гаруй үзмэр нь одоогоор дэглэгдээд байгаа аж. Тодруулбал, их хаан, түүний голомт нутаг дахь залгамжлагчдын тухай байгалийн өвийн танхим, угсаатны зүй, соёлын биет бусын өвийн танхим, шашин, дүрслэх урлагийн танхимд дэлгэжээ. 

Үүнээс дурдвал, Монгол Улсын хосгүй үнэт үзмэр халхын Сэцэнханы тамга хайрцгийн хамт, мөн халхын Сэцэнхан аймгийн угсаа залгамжилсан Сэцэн хануудын үе дамжин эдэлж хэрэглэж ирсэн эдлэл хэрэглэлүүд, халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл Жанжин бэйс, Хүлэг шинжээч, Өвгөн ноён М.Пүрэвжавын эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгүүдийн зураг, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт оршин суудаг Халх, Буриад, Хамниган угсаатны ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, ховор ном судар, бурхад зэрэг түүх, соёлын дахин давтагдашгүй дурсгалууд музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Тиймээс Хэнтий аймгийн шинэ музейг зорин очиж үүх түүх, нутгийн онцлог, соёлыг агуулсан үзмэрүүдтэй танилцаж нүдээ баясгаарай.

Холбоотой мэдээ