ХЭНТИЙ: Шигшээ багт 1016 тамирчин хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-01-04 15:15:41

Чингис, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт 1016 тамирчин спортын 13 төрлөөр хичээллэж байна.


Эдгээр багийн үйл ажиллагааг дэмжиж сүүлийн гурван жилд 353 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Тогтмол дасгал сургууль хийн, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаснаар шигшээ багийн тамирчид улс бүсийн тэмцээн уралдаанаас 386 багц медаль хүртэж, нэг тамирчин олон улсын хэмжээний мастер, хоёр тамирчин спортын мастер, хоёр тамирчин спортын дэд мастер цол хүртэж, нэг тамирчин Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Мөн бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хэнтий аймаг өнгөрөгч онд “Олимп” цогцолборт засвар үйлчилгээ хийж, дөрвөн суманд таван спорт заал, цогцолбор шинээр барьж ашиглалтад оруулжээ. 


Тодруулбал, Хэрлэн I, IV сургууль, Өмнөдэлгэр, Жаргалтхаан суманд спорт заал, Дадал суманд спорт цогцолбор барьсан байна. Ингэснээр иргэд “Олимп цогцолбор”-оор нээлттэй үйлчлүүлж чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн, алхалт гүйлтээр хичээллэж байна. Мөн спорт цогцолбор, заалны хүртээмжийг нэмэгдүүлснээр улс, бүсийн чанартай тэмцээн уралдааныг орон нутагтаа амжилттай зохион байгуулж байна.

 

 

Холбоотой мэдээ