ХЭНТИЙ: Улсын бүртгэлийн хэлтэс шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-25 16:44:28
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс энэ онд стандартын шаардлага хангасан шинэ байртай боллоо.

Тус хэлтэс нь аймгийн ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд орчин нөхцөл нь хангалтгүй, архивын баримт материалаа хадгалах боломжгүй байсан юм. Тиймээс 2022 оноос эхлэн улсын төсвийн 1,3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр шинэ барилгын ажил эхлүүлж, хэдхэн хоногийн өмнө ашиглалтад оруулаад байна.

Тус барилгыг "Мандалт констракшн" ХХК барьсан бөгөөд 192 м.кв зоорины давхартайгаа нийлээд дөрвөн давхар бүтээн байгуулалт аж. Иргэд, байгууллагын нэн чухал баримт бичгийг хадгалж хамгаалж байгаа гэдэг утгаар нь аймгийн Засаг даргын зүгээс 40 сая төгрөг шийдвэрлэж архивын стандартын шаардлагад нийцсэн нягтаршуулсан шүүгээгээр хангаснаас гадна “Зөгийн үүр” хөтөлбөрөөр тус байгууллагын 13 албан хаагчийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлжээ. Мөн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 7-8 сая төгрөгийн үнэ бүхий компьютер тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо.

Тус хэлтэст 92 мянган иргэний хувийн хэрэг, эд хөрөнгийн 29649 хувийн хэрэг, 2800 хуулийн этгээдийн эх нотлох цаасан хувийн хэргийн материалууд хадгалагдаж байна.
Холбоотой мэдээ