Сайд Б.Батцэцэг 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-03 12:16:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Aрабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгээс 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдөр дээд түвшний уулзалт зохион байгуулав.


Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад гишүүн улс орнуудын дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, COP28 бага хурлын үеэр баримтлах бүлгийн байр суурь, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 2024 онд өрнөх яриа хэлэлцээний үеэр анхаарах асуудлуудын талаар санал солилцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаарх цогц үнэлгээ, алдагдал, хохирлыг бууруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн явцыг сааруулах, дасан зохицоход чиглэсэн шийдлүүд, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож, хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй улс орнуудын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буйг онцолж, Монгол Улсын Засгийн газраас хэлэлцүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.


Уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж буйг сайд Б.Батцэцэг дурдаад, тэгш боломж бүхий тогтвортой нийгмийг бий болгоход тэдний манлайлал, оролцоо нэн чухал болохыг онцлов.


Монгол Улс 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж буйг тэрбээр бүлгийн гишүүн улс орнуудад танилцуулав.

Холбоотой мэдээ