Монгол Улс ОУЭЗХБ-ын гишүүн улсуудын Ассамблейн 2024-2027 оны дэд даргаар сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-29 19:16:54
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ромд төвтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагa (ОУЭЗХБ)-ын гишүүн орнуудын Ассамблейн хуралдаан 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.


Уг хуралдаанаар ОУЭЗХБ-ын гишүүн улсуудын Ассамблейн 2024-2027 оны дарга, дэд дарга болон Ерөнхий захирлыг сонгов. Ассамблейн даргад АНУ, дэд даргад Монгол Улс нэрээ дэвшүүлж, гишүүн улсуудын 100 хувийн саналаар тус тус сонгогдлоо. ОУЭЗХБ-ын Ерөнхий захирлаар Жан Беагл улиран сонгогдсон байна.


Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг энэхүү хуралдааны Ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ, Монгол Улс тус байгууллагын гишүүнээр 2015 онд элсэж, “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал”, “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх” зэрэг олон чухал төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэв. Мөн тэрбээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн нийгэм хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго, хүн бүр эрх зүйт нийгэмд ижил тэгш эрх, үүргээр хангагдах нь чухал болохыг онцолж, Монгол Улс ОУЭЗХБ болон тус байгууллагын гишүүн улсуудтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.

Холбоотой мэдээ