АНЭУ-ын Абу Даби хотын өндөр барилгыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-28 12:59:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллаж байна.


Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсад 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох хуралд оролцох юм.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 11 дүгээр сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр тус хотын өндөр барилгыг чимэн угтжээ. Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том ханлиг, улсын нийслэл хот юм. Тус хотын хүн ам 2023 онд 1.57 сая хүрсэн бөгөөд хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрт бичигддэг аж. 


Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 4 дүгээр сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны 12 дугаар сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.




Холбоотой мэдээ