Хүүхдүүд бичил биетний тэсвэржилтийг танин мэдэхэд суралцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2023-11-24 17:08:32

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” аяныг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс Хөдөө Аж ахуйн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт өдөрлөг зохион байгуулсан юм. Сургалтын гол зорилго нь антибиотикийн өндөр хэрэглээтэй манай улсын хувьд хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа эмийн зөв хэрэглээтэй болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр болох, хүүхдүүдийг энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгоход оршиж байв. 


Жил бүрийн 11-р сарын 18-24-ний өдрүүдэд дэлхий даяар зохион байгуулдаг энэ арга хэмжээг манай улс сүүлийн жилүүдэд идэвхитэй тэмдэглэж ирсэн юм. НҮБ-ын Хүнс Хөдөө Аж ахуйн байгууллага, ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагаас дэмжин тухайн улс орны Засгийн газар болон бусад бүх оролцогч байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлал тогтсон байдаг.

Жил бүрийн аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчидтай хэрхэн хамтран ажиллах боломж байгааг ярилцахад чиглэдэг байна.

 

Монголчууд антибиотикийн хэрэглээгээр дэлхийд дээгүүр бичигддэг хэвээр байна


НҮБ-ын ХХААБ-ын төслийн зохицуулагч Б.Энхтөртэй “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” аян болон антибиотикийн хэрэглээ, хор нөлөөний талаар ярилцлаа.

 

-Дэлхийн улс орнууд эм хэрэглээний ямар аюулд учраад байгаа юм бэ? Бичил биетний тэсвэржилт гэдэг нь антибиотикийн сөрөг нөлөөг хэлж байна уу?

-Дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа томоохон аюулын нэг нь бичил биетний тэсвэржилт гэдэг зүйл болоод байна. Бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн эмэнд дасал болж эмчилгээ үр дүнгүй болохыг хэлдэг. Шалтгаан нь иргэд хүмүүс бичил биетний эсрэг эм буюу антибиотикийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай, зохисгүй хэрэглэснийх. Өнөөдөр дэлхий дээр олон сая хүн бичил биетний тэсвэржилтийн улмаас нас барж байна. Хамгийн сүүлд гарсан мэдээ судалгаанд энэ шалтгаанаар жилд 5 сая хүн нас барж байна гэж дурдсан байна. Нэг ёсондоо чимээгүй тахал, ковидоос ч илүү хор хөнөөлтэй. Өвчин үүсгэгч вирус нян антибиотикт дийлдэхгүй болоод байгаа учраас яаж антибиотик, эм тарианыхаа хэрэглээг бууруулах вэ гэж улс орон бүр санаа тавьдаг болсон байна. Цөм л эмийн хэрэглээг багасгаж, аль болох энгийн аргаар аливаа өвчинтэй тэмцэх, сэргийлэхийг ихээхэн хичээж байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын ХХААБ-аас энэ үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд гаргасан байдаг. Түүнийг нь улс орон болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Бүх гишүүн орнууд бичил биетний тэсвэржилтийн эсрэг үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй. Манай улс ч мөн өөрийн төлөвлөгөөг боловсруулсан. Эрүүл мэндийн яам, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар 2023-2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээд явж байна.


-“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” аянд ямар ямар байгууллага хүмүүсийг түлхүү оролцуулахыг зорьдог вэ?

-Энэ аяныг болж өгвөл өргөн хүрээнд зохион байгуулж, аль болох олон байгууллагынхныг татан оролцуулахыг хичээдэг. Тийм учраас энэ жилийн аян маш олон арга хэмжээг багтааж чадлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаж энэ асуудлыг зөв, хүртээмжтэй мэдээлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн малын эмч нар, малчид малын эм тариа антибиотикийг зөв хэрэглэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэдгийг хөндсөн хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагынхантай онлайн уулзалт хийсэн. Хүн эмнэлэг, хүнсний аюулгүй байдлын байгууллагын мэргэжилтнүүдийг аянд хамруулдаг уламжлалтай. Ирээдүйд энэ салбарт ажиллах ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн оюутан залууст зориулсан сургалт хийж, мөн оюутнууд өөрсдөө бичил биетний тэсвэржилтийн асуудлыг хөндсөн сонирхолтой үзүүлэх тоглолт хийлээ.

 

-Хүүхдүүдэд эм, антибиотик бэлдмэлийн хэрэглээний аюулын талаар ойлгуулахад бас анхаарсан юм байна.

-Тийм ээ. Одоо аяны үйл ажиллагаа улам бүр өргөн хүрээнд өрнөдөг болсон. Бид хүүхдүүдээ эм бэлдмэлд хандах зөв хандлагад суралцуулах ёстой. Эм, антибиотикийг дур зоргоор хэрэглэхгүй байх хандлагад хүүхдийг аль болох багаас нь суралцуулах чухал. Тэр утгаараа антибиотикийн зохисгүй хэрэглээ ямар аюултайг хүүхдүүдэд ойлгуулах, мэдээлэл өгөх ажлыг аяны хүрээнд зохион байгуулсан юм. “Нэг эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ж.Энхтуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан эмийн зохистой хэрэглээ, антибиотикийн уршигтай тал нь юу юм гэдгийг таниулах зорилготой арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


-Малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтдээ хяналтгүй хэрэглэж байгааг бид мэддэг, ярьдаг шүү дээ. Гэтэл бид мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэдэг ард түмэн.  Тийм ч учраас энэ сэдвийг онцгойлон хөндөх, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай гэсэн үг, тийм үү?

-Монгол бол мал аж ахуйн орон. Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөр. Малчид аль нэг сайн гэсэн эм тариа, антибиотик худалдан авч малдаа тарьж хэрэглэх хандлага их байдаг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдалд маш их эрсдэлтэй алхам хийгээд байна гэсэн үг. Үүнд бид анхаарч, төр засгийн байгууллагуудтай зохих хэмжээнд хамтарч ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа яг энэ үед бид малчидтайгаа, мал эмнэлгийн байгууллагуудтайгаа хамтраад хийх ажил их байна. Мал, амьтны эмийн тухай хуулийг шинээр батлан гаргах ажил үргэлжилж, Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль шинэчлэгдэж байгаа. Үнэхээр одоо энэ төрлийн хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, малын эм, эмийн бүтээгдэхүүн, ялангуяа антибиотикийг малын эмчийн жороор олгодог байх гэх мэт зохицуулалт хийх шаардлагатай болсон. Өнөөдрийн байдлаар малчид өөрсдөө малдаа антибиотик тариа хийчихээд биеэс гадагшлах хугацааг нь хүлээхгүйгээр хүнсэндээ хэрэглэдэг тохиолдол элбэг байгаа нь тун аюултай асуудал. Энэ бол бичил биетний тэсвэржилт буюу антибиотикийн дасал бий болох нөхцлийг бүрдүүлдэг. Үүнийг ойлгуулах, хязгаарлах, зохицуулахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй хийж байна.


-Манайхан антибиотикийн өндөр хэрэглээтэй гэгддэг хүмүүс. Одоо антибиотик, эм бэлдмэлийн хэрэглээ бага ч атугаа буурч байгаа болов уу?  Дэлхий нийтээрээ энэ сэдвийг ярьж, эмийн бүтээгдэхүүн, антибиотикийн хэрэглээгээ хянахыг хичээж байна шүү дээ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд монголчууд антибиотикийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа тухай дурьдсан байдаг. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас антибиотикийг зөвхөн жороор олгох тухай тогтоол шийдвэр гаргаснаас хойш антибиотикийн хэрэглээ харьцангуй буурч байгаа хэдий ч дэлхийн улс орнуудтай харьцуулахад хэрэглээний түвшин нь дээгүүр хэвээр байна. Тэгэхээр энэ бол зөвхөн малчин болон мал эмнэлгийн байгууллагын асуудал биш, монголчууд нийтээрээ эмийн хэрэглээний зөв дадал, хандлагад суралцах шаардлагатай гэдгийг харуулаад байгаа хэрэг. Одоо л бид энэ байдлыг засаж авахгүй бол дийлдэшгүй зүйлтэй тулгарна. Одоо сошиал орчинд хүртэл “ийм өвчинд ямар эм сайн бэ” гэж бие биенээсээ асууж, зөвлөгөө авах явдал байдаг л энгийн зүйл мэт болчихсон. Манай байгууллагын хувьд боловсролын бүх шатны байгууллагатай хамтран ажиллаж, ирээдүйд бидний хүүхдүүд ийм хайнга дадал хэвшилтэй болж төлөвшихөөс сэргийлсэн үйл ажиллагааг явуулахыг эрмэлздэг.


Бичил биетийн тэсвэржилтийг танин мэдэх сургалт



 


Холбоотой мэдээ