ДУНДГОВЬ: Бүртгэлийн байгууллагын түүхэн хөгжлийг харуулсан үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-16 17:36:47
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэлийн байгууллагын түүхэн хөгжилтэй холбоотой баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.


Тус үзэсгэлэнд иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой үе үеийн түүхэн баримт бичгүүд болон улсын бүртгэгч нарын түүх, ололт амжилт, үйл ажиллагааг харуулсан гэрэл зураг, шагнал, танилцуулга багтжээ.  


Монгол Улс 1918 онд хүн амын тооллого явуулж, 1930-1940 өөд онд иргэний бүртгэл, судалгаа, суурьшлыг өрхийн бүртгэл, хашааны дэвтэр зэрэг данс бүртгэл хэлбэрээр тооцож, зохицуулан хяналт тавьж байсан бөгөөд 1940-өөд оноос байнга болон түр суух эрхийн бичиг, гадаадын цагаач иргэдэд *пио* паспорт хил нэвтрэх үнэмлэх олгож байжээ.



1940 оны БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Дотоод явдлын яамны Улсын цагдан сэргийлэх газарт паспортын албыг 6 хүний орон тоотой байгуулж, 11 дүгээр сарын 23-ны өдөр Иргэний паспортын дүрмийг баталснаар “Улсын бүртгэлийн байгууллага”-ын үндэс суурь тавигдсан гэж үздэг.


1960-1974 онд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Сэлэнгэ аймгийн оршин суугчдад иргэний паспорт, бусад аймгийн оршин суугчдад иргэний үнэмлэх олгож байснаар БНМАУ-ын иргэд хоёр өөр бичиг баримттай болсон байна. Энэ нь улсын хэмжээнд хаягийн сан байгуулах, иргэдийн тоо бүртгэлийг жигдрүүлэх шаардлагыг хангаж чадахгүй байсан тул 1974 онд МАХН-ын төв хороо, сайд нарын зөвлөлийн “Бүх иргэдийг паспортжуулах тухай” шийдвэр гарч, 1981 он гэхэд үндсэндээ БНМАУ-ын 16 нас хүрсэн иргэдийн 97 хувийг паспорттой болгосон аж.  



Харин “үл хөдлөх хөрөнгийн тухай” ойлголт Монгол Улсад 1990-ээд оноос өмнө ихээхэн бүрхэг байв. Монгол Улс ардчилсан замыг сонгож авсан тэр цаг үеэс буюу 1992 оны Үндсэн хууль батлагдаж, өмчийн төрөл, хэлбэрийг чөлөөтэй тэгш хөгжүүлэх баталгааг нээж өгсөн нь Монгол Улсад үл хөдлөх хөрөнгийн харилцаа Олон улсын нийтлэг чиг хандлагын дагуу хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн байна.


Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор байгуулагдаж, захиргаа аж ахуй, иргэний бүртгэлийн тасаг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасаг, хуулийн этгээдийн бүртгэлийн бүртгэгч гэсэн бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.


2012 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 15 суманд орон тооны бүртгэлийн ажилтантай болж, үйл ажиллагаа нь өргөжин, аймгийн хэмжээнд иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг хийж байна. Тус хамт олон 2012 онд бүх иргэний үнэмлэхийг цахим иргэний үнэмлэхээр солих ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2013 онд аймгийн хэмжээний бүх малчин өрхийг бүртгэж гэрчилгээжүүлэн 2014 онд хуулийн этгээдийн бүртгэлийг цахимжуулжээ.



Энэ тухай аймгийн УБХ-ийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал “Манай хамт олон иргэдэд чанартай, шуурхай үйлчилгээг хүргэхийн тулд цахим бүртгэлийг амжилттай нэвтрүүлж байна. И-Монгол цахим систем үүссэнээр 2022 оны байдлаар Улсын бүртгэлийн 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах бүрэн боломжтой болсон байна. Түүнчлэн 15 сумын бүртгэгч улсын мэдээллийн онлайн сүлжээнд бүрэн холбогдож иргэд төрийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр, саадгүй авч байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг анхан шатанд буюу сумдад үзүүлж эхэлсэн нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан томоохон ажил болоод байна” гэлээ.


Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн Иргэний бүртгэлийн тасаг 4749 бүртгэлийн 10217 хуудас нотлох баримтыг, Хуулийн этгээдийн бүртгэлийн тасаг 440 бүртгэлийн 3800 хуудас нотлох баримтыг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг 1254 бүртгэлийн 18230 хуудас нотлох баримтыг цахимжуулсан байна. 













Холбоотой мэдээ