ДУНДГОВЬ: "Мөнхийн зун" ногоон тэжээл тариалж, анхны ургацаа хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-15 12:27:08
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-15-нд шилжих шөнө тус аймгийн зарим нутагт цас орж, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын нутгаар 4-5 см, Дэлгэрхангай, Луус, Хулд, Дэрэн, Эрдэнэдалай, Сайнцагаан суманд 1-2 см цасан бүрхүүл тогтсон байна.


Гадаа хүйтэрч, цас орж, шуурсан энэ өдрүүдэд “Мөнхийн зун” улаан буудайн тэжээл тариалж, анхны ургацаа авч буй нэгэн бизнес эрхлэгчийг онцолж байна. Түүнийг Адьяагийн Эрдэнэцогт гэдэг.



Энэхүү үйлдвэрлэлийг амжилттай явуулахын тулд 2023 оны 5 дугаар сараас туршилт хийж эхэлжээ. Аливаа бизнест алдаа, оноо, унаж, босох явдал байдаг. Гэхдээ тууштай оролдлого, уйгагүй хөдөлмөр амжилтад хүрдэг гэдгийг тэрбээр харуулж чаджээ.


Энэ тухай Эрдэнэцогт хэлэхдээ “Энэ амжилтад хүрэхийн тулд үндсэндээ 5 дугаар сараас хойш туршиж үзсэн. Эхлээд гэртээ нэг өрөөндөө туршиж, хаалгыг нь хаагаад тариалж эхэлсэн. Олигтой ургаагүй. Эхний сард 500 кг буудайг байхгүй болгосон. Хэд хэдэн удаа туршиж үзсэний дараа “Рашаантын ам” гээд амралтын газрынхаа өргөө гэрт тарьж үзлээ. Гэтэл сайн ургасан.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гарамын Дадьсүрэн гэж мундаг хүн байлаа. Тэр хүн надад бизнесийнхээ бүх үйл ажиллагааг өдөр бүр бичиж тэмдэглэж бай, дараа нь түүнийгээ эргэж уншаад алдаа оноогоо олж харж бай гэж захидаг байсан юм. Энэ агуу ухаантай хүний хэлснээр би бичиж, тэмдэглэж, түүнээсээ суралцдаг юм. 


Туршилт хийж, алдагдал үүрч байсан хэдий ч би тэндээс маш их туршлага хуримтлуулж, алдаа, оноогоо олж харж байлаа. Тэгэхээр энэ үйлдвэрлэлд багтаамж, багтаамждаа тохирсон тариалалт, агаар, гэрэлтүүлэг, халаалт, усалгаа, усны температур гээд маш олон зүйл шалтгаалдаг гэдгийг ойлгож авсан” гэлээ.



Тэрбээр 300 кв.м талбай бүхий байгууламж дотор 1,3 тн буудай тариалсан бөгөөд 14 хоногийн хугацаанд 4 тн ургац хураан авч, анхны ургацаа өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 14-нд хураан авч байна. Өөрөөр хэлбэл тэрбээр тус бүр нь 4 кг жинтэй 1008 ширхэг бүтээгдэхүүн авч байгаа юм. Ийнхүү нэг сард хамгийн багадаа 2 удаа тариалалт хийх боломжтой аж.


Үйлдвэрлэлийнхээ тухай А.Эрдэнэцогт тодруулж ярихдаа “Энэ байгууламжаас нэг удаагийн тариалалтаар 1500 орчим бүтээгдэхүүн буюу 6 тн тэжээл авах боломжтой. Гэхдээ энэ удаа хүчин чадлынхаа 65 хувийг л ашиглаад байна. Зун болж ногоо ургатал үйлдвэрлэлээ явуулах боломжтой гэж бодож байгаа.


Ер нь малын тэжээл тариалах энэ бизнесийг Баянхонгор, Эрдэнэт, Өвөрхангай зэрэг аймагт явуулдаг, хүчин чадал нь ч том. Харин манай аймгийн хувьд ийм хүчин чадалтай тариалж байгаа нь манайх л байх. Бага хэмжээтэй тариалдаг хүмүүс бий. Цэвэр улаан буудайгаар тариалж байгаа учраас малд шим тэжээлтэй учраас тарга тэвээргээ хадгалахад чухал нөлөөтэй. Малаа эртнээс шинэ ногоон тэжээлээр тэжээж чадвал малчид хохирол амсахгүй, хавар төлөө бүрэн бүтэн, эсэн мэнд бойжуулах боломжтой” гэсэн юм.



Тэрбээр бүтээгдэхүүнээ тоос шороо орохоос сэргийлэн 3 ширхгээр нь ууталж, вакуумдаж савлах ба нэг ийм ууттай бүтээгдэхүүнийг 30000 төгрөгөөр борлуулах аж. Нэг ямаанд 150 гр, хонинд 100 гр, хурга, ишгэнд 70-80 гр, бод малд 1,5-3 кг ногоон тэжээлийг бүгдийг нь жижиглэн хэрчиж, өвс, бусад тэжээлтэй хольж өгөх ба түүнээс хэтрүүлэхгүй байхыг Эндэнэцогт онцолсон. Малын А данс, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн малчдад 3 сарын хугацаатай зээлээр өгөх боломжтойг ч тэрбээр мөн тодотголоо.


А.Эрдэнэцогт энэ зун тасалгаанд улаан буудай тариалах туршилт хийснээс гэдна Ар хустайд 6 га газарт 1 тн будаа тарьж, 700 боодол өвс хураан авсан байна. Тэрбээр энэ тухай “нэг тонн будааг 6 га газарт суулгаад нэг зуны турш ургуулж, зөвхөн 4 тн ургац авсан бол энд 300 кв.м талбайд 1,3 тн улаан буудай тарьж, 14 хоногийн хугацаанд 4 тн ургац авч байна. Ингэснээр бэлчээр хамгаалж, хугацаа хэмнэж байгаа төдийгүй илүү их чанартай бүтээгдэхүүн авч чадлаа.


Ургацын хэмжээ будааны чанараас их хамаардаг. Энэ жил Амгалан, Дархан, Сэлэнгэ, Таван шарын зах дээр борлуулж байгаа 4 сортын будааг сонирхож үзлээ. Тэгээд “Алтайский” улаан буудайн сортыг сонгож тариалсан. Ургацын хэмжээ будааны чанараас хамгийн их хамаардаг юм байна” гэлээ.

 







Холбоотой мэдээ