ДУНДГОВЬ: Өндөршил хүнсний эрхийн бичиггүй хоёр дахь сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-02 16:56:47
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сум хүнсний эрхийн бичиг олгодог 4 өрхийн гишүүнийг хөдөлмөрт зуучилж, байнгын орлоготой болгосноор халамжаас хөдөлмөрт шилжсэн хоёр дахь сум боллоо.

 

2021 онд тус аймгийн Луус сум хүнсний эрхийн бичиг олгодог 13 өрхийг байнгын орлоготой болгож, хүнсний эрхийн бичиггүй анхны сум болж байжээ.

 

Монгол Улс нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн насанд хүрсэн иргэнд сардаа 16000, хүүхдэд 8000 төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгодог. Дундговь аймгийн хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 1670 иргэнд 120,5 сая төгрөгийн хүнс тэжээлийн үйлчилгээ үзүүлжээ.

 

Аймгийн ХХҮГ-ын 9 дүгээр сарын мэдээгээр тус аймгийн хэмжээнд 17339 иргэн 12 төрлийн халамжийн үйлчилгээ авчээ. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 796 иргэн, тэтгэмж авагч 1153, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламж авагч 4894, жирэмсэн эхийн тэтгэмж авагч 1057, цалинтай эхийн тэтгэмж авагч 2043 иргэн байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй 122 иргэнд 45,1 сая, алдар цолтон 2 ахмадад 0,9 сая, 1469 ахмадад 191,5 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт үзүүлж, 1153 иргэнд 1,408,1 сая төгрөгийн халамжийн тэтгэмж олгосон байна. Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон 160 эх, эцэгт 263,2 сая төгрөгийн тэтгэмж олгожээ.

Холбоотой мэдээ