ДУНДГОВЬ: Ж.Батбилэг: Дэл уулын улаан ямааг судлан аймгийнхаа ямааны чанарыг сайжруулах зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-01 11:36:27
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал аж ахуйн судалгааны байгууллага, Өлзийт сумын ЗДТГ-тай хамтран Дэл уулын улаан ямааны судалгаа хийж байна.


Улаан ямааг судлах энэхүү ажлыг 2017 оноос эхлэн гүйцэтгэж байгаа ба сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгааны ажлыг эрчимжүүлж, уг ямааны генетик тогтоцын шинжилгээ, ноолуурын хяналтын самналт хийж, дээжийг төв лабораториуд, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Ажил мэргэжлийн дээд сургуульд хүргүүлжээ.



Судалгааны зорилго, үр дүнгийн талаар аймгийн ХХААГ-ын Мал үржлийн тасгийн дарга Ж.Батбилэгээс тодруулахад “Улаан ямаа нь ноолуурын гарц сайтай, бэлчээр ашиглах чадвар их байдаг. Тиймээс энэ ямааг шинжлэх ухааны үндэслэлтэй  нарийн судалж, нарийн ноолууртай, гарц сайтай ямааг үндсэн сайжруулагчаар ашиглан аймгийнхаа ямааг эрлийзжүүлж, ямаан сүргийн бүтэц, чанарыг сайжруулах, улмаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, брэнд болгох зорилготой юм.


Өлзийт сумын урд талаар 10 гаруй мянган ямаа байна. Энэ нутгийн малчин өрхүүдийн ямааны 80-90 хувь нь ийм улаан ямаа байгаа. Судлаад үзэхээр ноолуурын микрон янз бүр байна. Зарим нь нарийн байхад, зарим нь бүдүүн, кашкорон төрлийн ноолуур ч гарч байна.


Сүүлийн жилүүдэд манай аймгийн нийт нутгийн ямаанд малын үүлдэрлэг хэв шинжид нийцэхгүй зүстэй ямаа олон болж байгаа учраас үйлдвэрүүдийн шаардлагыг хангахгүй, ноолуурын үнэлэмж муу байгаад байна. Өөрөөр хэлбэл, хар алаг, улаан алаг, цоохор ямаа олон болж байгаа учир үйлдвэрүүд нэг өнгийн, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хүсээд байдаг. Хэрэв Дэл уулын улаан ямаа маань Өмнөговь аймагт үржүүлж буй ямаатай удам, хэвшлийн хувьд нэг байгаад, шинжилгээний дүгнэлтээр энэ ямаанд бусад ямаанаас ялгагдах онцлог шинж төрх байвал цаашид хөтөлбөр гарган хэрэгжүүлж, ямааныхаа чанарыг сайжруулан, аймгаараа нэг өнгийн, нарийн микронтой, чанартай ноолуур гаргадаг болох шаардлага байна. Бүр бие даасан тусгай хэвшил, омог, үржлийн хэсэг ч юм уу, орон нутгийн брэнд болох боломж бас байна гэж бодож байгаа.


Нутгийн иргэдээс асуухад 60 гарсан малчид “аав, ээжээсээ өвлөж авсан, энд тэндээс авчран үржүүлээгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа“ гэлээ.


Дээрх судалгааны ажлыг Өлзийт сумын малын хөлийн татвар болон ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажээ.




Холбоотой мэдээ