ДУНДГОВЬ: Х.Доржханд: Тууштай байж зорилгодоо хүрдэг, шантрахгүй зүтгэж байж амжилтад хүрдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-27 17:01:10
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 27  /МОНЦАМЭ/. Тууштай байж, зорилгодоо хүрдэг, шантрахгүй зүтгэж байж амжилтад хүрдэг нэгэн эмэгтэйн амьдрал олон хүнд ухаарал, итгэл, сэтгэлийн их хүч, урам зориг хайрладаг. Тэрбээр “Smile” салоныг үүсгэн байгуулагч Х.Доржханд (Babuna нэрээр нь маш олон хүн таньдаг) юм.  


Доржханд Өлзийт суманд төрсөн. Бага ангид байхаас сонсгол нь муудаж, олон жил сонсгол муутай байснаар хуучин шигээ ярьж чадахаа больсон ч бусдын л нэгэн адил сурч, хөдөлмөрлөж, хувиараа бизнес эрхэлж, 3 хүүхдийн ээж болж, хэнээс ч дутахааргүй сайхан амьдарч буй манлайлагч эмэгтэй. Түүний амьдралын түүх, амжилтад хүрсэн дурсамж яриаг уншигчдадаа толилуулья.



-Тууштай байж, зорилгодоо хүрдэг, шантрахгүй зүтгэж амжилтад хүрдэг“ гэсэн таны энэ үг их олон зүйлийг агуулж байх шиг санагддаг. Тууштай байж, зорилгодоо хэрхэн хүрсэн тухайгаа манай уншигчдад хуучлаач?

-Тийм ээ, энэ үгийг мөрдлөг болгодог. Олон хүнийг хараасай, уншаасай гэж хүсдэг. Мэдээж хүн бүрийн амьдралд ямар нэг бэрхшээл байдаг л байх. Гэхдээ шантралгүй зүтгэж байхад хүн заавал л амжилтад хүрдэг гэж боддог.

Би Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. Бага ангид байхаас гэнэт сонсгол маань муудсаар 13 настай байхад юу ч сонсохоо больсон. Маш чанга хашгирах, сигналдах дууг бол сонсоно. Тухайн үеэс аав, ээж маань эмнэлэг, эмч, домч, зурхайч, бөө, лам гээд мөн ч их явсан боловч өөрчлөгдсөнгүй.


Эрүүл, саруул байсан хүн сонсохоо болих үедээ сэтгэл зүйн гүн хямралд ордог юм билээ. Хэсэг хугацаанд хичээлээс завсардаж, хөдөө, аав, ээж дээрээ байдаг байсан. Эмчилгээ хийлгэнэ, эргээд л гэртээ ирнэ.


Нэг өдөр би аав, ээждээ “ер нь л хичээлдээ явъя, сум руу хүргээд өг” гэж хэлээд хүргүүлсэн. Манай аавын үеэл дүү болох одоо Өлзийт сумын сургуулийн захирал Болор багш маань ангийнханд учир байдлыг хэлж, захиж, тусалж, дэмжиж байхыг уриалж, эргээд хичээлдээ орж байлаа. Би Болор багшийндаа суудаг байсан. Нэг өдөр багш маань “хэдүүлээ гарын дохионы үсэг зохиоё” гээд бид 35 үсгээ дуурайж үсэг зохиосноор бал цаас гэлгүйгээр хэл нэвтэрдэг болсон юм.


Ингээд ангидаа багш нар, анги хамт олныхоо дэмжлэгээр сурч явсаар Насанжаргал багштай 8 дугаар ангийг төгсөж, дараа нь аймгийн төвд ирээд ЭДЦС-д Уранбайгаль багштай 10 дугаар ангиа төгсөж байсан. 10 дугаар ангиа төгсөөд байж байтал ээж маань “энэ жил чөлөө авч, эмчилгээнд явъя" гэхээр нь зөвшөөрөөд байж байтал 9 дүгээр сард хичээл эхлэх гээд хүүхдүүд хичээлийн бэлтгэл хангаад эхлэнгүүт миний сэтгэл догдлоод, ээждээ “ерөөсөө эргээд сурмаар байна” гэсэн. Ээж, аав хоёр маань ярилцаад МСҮТ-д компьютерын ангид оруулъя гэхээр нь шууд л зөвшөөрч, тэнд суралцаж эхэлсэн дээ. Би ер нь л сурах сонирхолтой, хоббитой хүн юм билээ.


МСҮТ-ийн компьютерын ангид ороход Д.Галбадрах багш хүлээж авсан. Багш маань маш их дэмжиж, урам зориг хайрлаж, сэтгэлийн их тэнхээтэй болгосон. Үнэхээр сайн багш, маш их бахархаж явдаг шүү.


-Сургуулиа төгсөөд аялал жуулчлалын чиглэлээр суралцсан гэсэн, төгсөөд хаана ажиллаж байсан бэ?

-Тийм ээ, сургуулиа төгсөөд мэргэжил сонгох болоход би бага ангийн багшаар сурах сонирхолтой байснаа хэлэхэд эгч маань “хүүхдүүдтэй яаж харилцах билээ, арай болохгүй байх” гэхээр нь маш их уурлаж байснаа санадаг юм. Дэргэдээс аав, ээж хоёр маань “чи сургууль, соёл голох яах вэ, сургууль чамайг голох байх шүү” гэж хэлээд л сууж байсан даа. “Тэгвэл газарзүйн хичээлээр явна аа” гээд л би “Тэнгэр” дээд сургуулийн аялал жуулчлалын ангийг сонгож, тэр мэргэжлээрээ суралцаж төгссөн.


Сурч байх хугацаанд хань маань уурхайд ажиллана. Би өөрөө ажилд орох гэж анкет бөглөөд хаа сайгүй явна, бүгд л “сонгсголгүй болохоор хэцүү юм аа, орон тоо гарвал дуудна, ярина аа” л гэсэн нэг ижил хариулт өгнө. Тэгээд л таг болчихно доо.


Ингээд гэртээ ажилгүй байгаад л байсан, найз нөхөдгүй уйдсан хүн өдөржин л нөхрөө хүлээнэ. Их л урт өдрүүд байдаг сан. Заримдаа манай хүн дуудлагаар явчихна, хөдөө утас нь холбогдохгүй, сүлжээгүй газар эсвэл Цагаан хад руу гэх мэт хонуутаар явна.


Уурхайн ажил хүнд шүү дээ. Гэрт зүгээр байхаас залхаж, ямар ч хамаагүй ажил хийе гэхээр хань маань “чи өөрийгөө үнэлэх хэрэгтэй” гэнэ. 


Нэг өдөр дуудлагаар явчихсан байх үед нь том эгчийгээ дагаад "Энержи Ресурс" ХХК-ийн харьяа "Юнисервис сольюшн" ХХК-ийг зорин очиж, ярилцлага өгөхөд Хүний нөөцийн ахлах менежер нь бүр гайхаад “Их дээд сургууль төгсчихөөд үйлчлэгч байсан ч хамаагүй хийх гэж байгаа юм уу” гэж асууж байсан. “Тийм ээ, би олон газраар явж, анкет бөглөсөн, одоо надад хамаагүй ээ, ажилтай болбол гэрт уйдаж суухгүй, нийгмээс тусгаарлагдахгүй“ гэж хэлээд л тус компанид угаалгын ажилтнаар орж байлаа.


Тогооч нарын цагаан халад, хормогчноос эхлээд том засварын тос болсон комбинзон хүртэл 24, 48 цагаар ээлжлэн ажиллаж, угаадаг байсан. Яг 16 сар ажиллаад байж байтал манай ажлын хамт олон нэг өдөр бүгд цомхотголд орж, ажилгүй болсон доо.


-Дараа нь ажил хайсан уу, шууд бизнес эрхлэхээр шийдсэн үү?

-Том хүү маань сургуульд орох дөхсөн учир нутагтаа ирж суурьшсан. Ирээд манай хүний багын найз нөхөд, тэднийхээ эхнэрүүдийг л сайн танина, найзална, өөр таних, мэдэх хүнгүй. Хүү маань нэгдүгээр ангид сурдаг, багыгаа хараад дахиад л гэртээ байна, юу хийх вэ гэж үргэлж бодно, сүлжээний бизнес хийх гэж хүртэл л оролдож үзлээ.


Тэгж байтал ээж маань “ХХҮГ-аас зарласан ХБИ-ийг дэмжих хөтөлбөрт төсөл бичээд оролц” гээд, үсний боолт, гоёл чимэглэл хийх нэг сая төгрөгийн төсөл бичиж, тэр маань дэмжигдсэн. Хэсэг хугацаанд энэ ажлаа хийж, ээжийнхээ дэлгүүрт тавьж борлуулдаг байсан. Түүнээс хойш бизнес санаа үргэлж бодогдоод, бичиж тэмдэглээд орхичихно, заримдаа нөгөөхөө мартчихна.


Хань маань амраад ирэх бүрдээ л бас бизнес санаа ярьж ирнэ.Тийм юм хийж болох юм байна, ийм санаа байна гээд л. Нэг амралтаар ирэхдээ “ханиа ачааны машины бүтээлэг оёх ажил хийж болох юм байна” гээд өөрөө бүр судалчихаад ирлээ. Бүтээлгээ ямар хэмжээтэй оёх, хаана, хэзээ борлуулах, яаж тээвэрлэх гээд л бүгдийг судалчихсан, үйлдвэр босгож болох юм байна гээд л зорилго тавьчихсан ирлээ.


Тэгээд эхний ээлжид багахан хөрөнгө босгоод хоёулаа Эрээн хот руу явж, материал судлаад, нийлүүлэгчтэйгээ холбоо тогтоож, ирээд байж байтал ХХҮГ-аас “Start up төсөл зарлагдаж, түүнд оролцоод дэмжлэг авч байлаа. Гэтэл ковидын цар тахал гарч, ачаа бараагаа авахад бэрхшээл тулгарсан.


Уурхайд ээлжтэй байх үедээ хань маань намайг чиглүүлж, “ингээрэй, тэгээрэй, тийм унаанд бүтээлгээ өгөөд явуулаарай” гэнэ. Би түүнийг нь гүйцэтгэнэ. Намайг хайрлаад надаар юм оёулахгүй ээ, “ядарчихна” гэдэг байсан.


Энэ бизнесээ явуулахад одоо ч гэсэн бидэнд бэрхшээл мундахгүй ээ. Материалаа татахад захиалсан бараа, материал маань дутна, алга болно. Үүнээс болоод хугацаа алдана, захиалгаа хугацаанд нь хийж чадахгүйд хүрнэ. Өөрсдөө явж гаалиар аваад ирье гэхээр татвар татаас төлөх болно. Татвар төлөхөөр хэрэглэгчид маань хямдруулах сонирхолтой байдаг учир бидэнд ашиг бага гарна гэх мэт.


Ингээд бодохоор эрсдэлгүй ажил гэж байхгүй. Хэзээ ч ямар ч эрсдэл гарч болно. Эрсдэлээ давж гарах, эсвэл хөрвөж ажиллах хэрэгтэй юм билээ. Тууштай зүтгээд, ажиллаад байгаа ханийгаа хараад маш их бахархдаг. Түүний энэ сайхан чанараас суралцаад л явж байна. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг дээ. Эрсдэл гаргаж байж хийж сурна, хөрвөх чадвартай байж шинийг санаачилж хийнэ, тууштай байж хүн амжилтад хүрдэг.


-Энэ ажлынхаа хажуугаар маникюр хийж, салон нээлээ. Энэ тухайгаа тодруулаач?

-Ковидын хөл хорио тавигдсаны дараахан билүү дээ, маникюрын сургалт аймагт болж, тэнд бүртгүүлж, төгсөөд маникюр хийж сурсан. “Цоглог плаза”-д түрээсэлдэг, дэлгүүртээ ажиллахын зэрэгцээ маникюраа хийгээд овоо дадлагажсан.


Найз маань оёх их дуртай, маш уран. Зураг сайхан зурна. Түүнийг маань Ууганцэцэг гэдэг. Тэгээд найздаа “хоёулаа салон нээе” гэсэн санал тавьж, тэр удаан бодсоны эцэст шийдвэрээ гаргаад суралцаж, төгсөж ирээд манай ажил дээр 6 сар ажилласны эцэст бид хоёр 2022 оны 5 дугаар сард “Smile” салоныг байгуулж, одоо дөрвүүлээ баг болон ажиллаж байна.  


Бид дөрөв жилийн турш маш ачаалалтай ажилласан. Тэгээд нэг амсхийж, Сэлэнгээр аялж яваад ирснийхээ дараа “лаа хийх” сургалтад суулаа. Лаа хийх үнэхээр сайхан. Лаа өөрөө их энергитэй шүү дээ.


Лааны сургалтад суугаад ажил дээрээ охидууддаа зааж, хэдэн өдөр лаа хийж байсан. Саяхан ХХҮГ, "Гэрэлтдэг ертөнц" ТББ, Эмэгтэйчүүдийн холбооноос “Happy mom” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд тэнд “Лаа хийх” сургалт хийсэн. Анх саналыг хүлээж аваад миний ярихыг хүмүүс ойлгох болов уу” гээд нэлээн эмээсэн. Тэгээд зохион байгуулагчид, ялангуяа Ид шидийн орны менежер Урансайхан “болно оо, бүтнэ ээ, ойлгоно оо” гэж хүч өгч, би 12 ээжид сургалт хийсэн. Их амжилттай болсон. Ээж нар маань хөтөлбөрийнхөө төгсөлтийн үеэр өнгө өнгийн лаагаар ширээгээ чимсэн нь маш сайхан санагдсан.


Салоныхаа доод давхарт дэлгүүрээ ажиллуулж байна. Маникюр хийж сурна гэдэг миний олон жилийн мөрөөдөл байсан. Ээжийн маань найз намайг сургалтад сууж байгааг сонсоод “6 жилийн өмнө л сурах юмсан гээд байсан, мөрөөдлөө биелүүлж эхэлжээ” гэж хэлэхэд нь би дотроо “энэ 6 жил бас л шалтгаантай жилүүд байсан даа” гэж бодоод өнгөрч билээ. 


-Дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчилж, live хийхэд олон хүн сонирхож байдаг, би ч бас үзэх дуртай?  

-Гол нь мөнгө олох гэсэндээ биш л дээ. Сонсголгүй болсноос хойш миний ярианы чадвар муудсан тул гацна, түгдэрнэ, зарим үгээ хэлж чадахгүй тийм үе гарна. Өмнөх шигээ зүгээр сайхан ярьж, хөөрдөг болохсон, хүмүүстэй харилцаж, live  хийгээд байвал ярианы чадвар маань сайжрах байх гэж боддог. Заримдаа нөгөө сурталчилгаа хийж байгаа хүн чинь ярих юм олдохгүй, үгийн баялаг дутаад хэцүү байх үе байдаг.


-Чамайг өөртөө итгэлтэй байж, хөгжихөд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ, гэр бүлийн дэмжлэг ч гэсэн их байдаг байх. Танай ярианаас таны нөхрийг их түшигтэй, сайн хүн байдаг байх даа гэж төсөөлж сууна, гэр бүлээ танилцуулаач, та хоёр хэзээ, хэрхэн танилцсан бэ?  

-Эхлээд ээж маань намайг өөртөө итгэлтэй байж, хөгжихөд хамгийн их нөлөөлсөн хүн. Хаана, юу сонсоно, тэр болгонд намайг дагуулаад л гарна, эсвэл “яв, оч, дэлгүүрт ор, харилцаж сурна, дандаа хүн дагуулж явах гэлээ” гэх мэтээр учирлана. Үргэлж түлхэж, дэмжиж өгдөг байсан.


Ээжийнхээ дэлгүүрийг би одоо үргэлжлүүлээд авч явж байгаа. Тэгээд хань маань, гэр бүлийнхэн маш их тусалсан юм шүү дээ. Ээж маань их сайхан сэтгэлтэй, маш уран, зураг хараад л өөрөө эсгээд оёчихдог хүн байсан. Хорт хавдар гэгч аймшигт өвчнөөр ээжийгээ алдсандаа маш их харамсдаг даа. Хэцүү байх үед нөхөр маань, сэтгэлээр дэмнээд л босгоод ирсэн. Эрүүл байхад нь баярлуулж амжаагүй болохоор одоо чадахаараа л олон хүнийг баярлуулах гэж хичээдэг. ХБИ-ийн шинэ жилийг маш олон хүний, найзуудынхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Энэ бас их том буян байх гэж боддог.  


Миний хань даруу дөлгөөн, ажилсаг хүн байдаг. Нэрийг нь О.Галт гэдэг. 10 жилийн сургуулиа төгсөөд жилийн чөлөө авч, МСҮТ-д сурч байхдаа эмнэлэгт очиж чихээ үзүүлэх гэж явахдаа таарсан юм билээ. Тэгээд л мессеж бичилцэж, сүүлдээ уулзаж, үерхэж эхлэх үед тэр маань цэрэгт яваад нэг жил болоод ирсэн.


Цэргээс ирээд“би чамайгаа жаргааж чадна аа” гээд л бид хоёрын амьдрал эхэлсэн дээ. 2009 онд том хүүгээ, 2014 онд дунд хүүгээ төрүүлж, 2019 онд охиноо төрүүлээд, одоо аавтайгаа хамт зургуулаа амьдарч байна.


Хань маань уурхайд олон жил ажилласан. Өнгөрсөн жилээс ажлаа хүлээлгэж өгөөд бизнес эрхэлж, түүнийгээ хөгжүүлэх гээд л зүтгэж байна. Аливаад их тууштай, нэг эхэлсэн ажлыг тууштай эрхэлж, дуусгадаг. Маш үнэнч, зүтгэлтэй, хүн чанартай тийм л эр хүн дээ.


Аав, ээж хоёр маань мал маллаж байгаад намайг 7 дугаар ангиа төгсөх жил төв рүү орж ирсэн. Тэгээд л аав маань гагнуур хийж, малын хашаа, хороо гээд л төмрөөр хийж болох бүхнийг захиалгаар хийж, борлуулдаг. Өглөө эрт босч, ажлаа хийж эхэлнэ, харин нөхөр маань “биеэ бодсонгүй” гэдэг ч аав маань өөрийнхөөрөө л бүхнийг хийдэг.


Тэднийхээ дэмжлэгтэйгээр л би өдий зэрэгтэй, өөртөө итгэлтэй байж, нийгэмдээ тус дэм болох гэж явна. Хүн тууштай байж, зорилгодоо хүрдэг, шантрахгүй зүтгэж байж амжилтад хүрдэг дээ. Хичээсэн хүнийг амьдрал шагнадаг юм шүү дээ.


-Өөрийнхөө амьдрал, өнөөгийн энэ амжилтад хүрсэн дурсамж, хүсэл мөрөөдлөө хуваалцсан танд баярлалаа.

Цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!



Холбоотой мэдээ