Кибер аюулгүй байдал олон талын оролцоог нэхэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-26 14:59:30

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улс орны кибер аюулгүй байдал зөвхөн программ хангамж, техник технологийн асуудал байхаа больж, улам нарийн төвөгтэй болсоор байна.


Жишээ нь, кибер гэмт хэргүүд болох цахим залилан, халдлагын хурд улам нэмэгдсэн. Энэ нөхцөл байдалд кибер гэмт хэргээс сэргийлж, тэмцэхэд хамтын ажиллагаа чухал болжээ.


Ялангуяа энд төрийн байгууллагуудаас гадна банк, санхүүгийнхан, хувийн хэвшлийн оролцоо их байж кибер халдлагатай тэмцэх үйл ажиллагаа мөн хурдан шуурхай, үр дүнтэй болно хэмээн ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван өнөөдөр болсон “Кибер тусгаар тогтнол” форум дээр онцлон хэллээ.


Тэрбээр, нийгэмд өсөн нэмэгдсээр байгаа кибер халдлагын хор уршгийг тооцох эрсдэлийн удирдлага, хор уршгийн эсрэг хариу арга хэмжээ авах нь өнөөдөр өндөр зохион байгуулалт шаардсан тогтолцооны асуудал болж хувираад байгааг анхаарууллаа.


Тогтолцооны асуудлыг шийдэхэд хууль эрхзүй нэн чухал бөгөөд манай улсад Кибер аюулгүй байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиудыг гарган, Монгол Улс өөрийн үндэсний кибер аюулгүй байдлын тогтолцоог иж бүрнээр бүрдүүлж буйг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлж байна.



Тухайлбал, тогтолцоог бүрдүүлэх гол хууль Кибер аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулан Монгол Улсын Ерөнхий сайд ахлан ажиллаж буйг тодотгов.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг бэхжүүлэхээр ажиллаж буйг хэллээ.



ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулсан форумд кибер аюулгүй байдалд чухал үүрэгтэй байгууллагуудын төлөөлөл оролцож, мэдээллийн дэд бүтцийн үүрэг, оролцоог хангах, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх, шийдэх асуудлын талаар хэлэлцэн хамтран ажиллах талаар ярилцаж нийгэмд хандсан уриалга гаргалаа.




Кибер аюулгүй байдлын тухай хуулийг даган гаргах журам:

  • Засгийн газар 7 журмыг батална. Батлагдсан нь 6 байна.
  • ЦХХХЯ 1 журмыг батална. Мөн 1 журмыг баталсан
  • Тагнуулын ерөнхий газар болон зэвсэгт хүчинтэй холбоотой 3 журам батлагдан гарна. 



Холбоотой мэдээ