ХЭНТИЙ: Политехник коллеж ажилтнуудаа “Малжуулах хөтөлбөр"-т хамруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-28 10:05:04

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Политехник коллеж ажилтнуудынхаа дунд “Малжуулах хөтөлбөр”-ийг өрнүүлж эхэлжээ.


Энэ хүрээнд сургуулийн туслах аж ахуйгаас багш, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах үүднээс ажилласан жил, гаргасан амжилт, ар гэрийн хүндэтгэх шалтгаан зэрэгт журмын дагуу хонь олгодог уламжлалтай болсон байна.  


Энэ жил Хэнтий аймгийн түүхэн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан мэргэжлийн боловсролын салбарт амжилттай ажиллаж байгаа 75 багш ажилтан, мөн гавьяаныхаа амралтад суусан 47 ахмад багш ажиллагсдад туслах аж ахуйгаасаа нийт 122 толгой хонийг гардуулан өгсөн байна.


Мөн багш, ажилтнууд хэрэгцээтэй үедээ сургуулийн туслах аж ахуйгаас зах зээлийн үнээс 30 хувь хямдаар хүнсний хэрэгцээндээ мах нийлүүлэн авах боломжийг олгосон нь бодит дэмжлэг болжээ.

Холбоотой мэдээ