Монгол Улс 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-09-15 21:16:54

Хавана. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцохоор ирээд байна. Үүнтэй холбогдуулж уг 77-гийн бүлгийн талаарх танилцуулгыг хүргэж байна.


НҮБ дахь хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашиг, ялангуяа эдийн засгийн сонирхлыг нэгтгэн илэрхийлэх боломжийг бий болгох, эдгээр орны хэлэлцээний ур чадварыг сайжруулах, хөгжлийн төлөөх Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор 1964 онд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын анхдугаар хуралдаанаар хөгжиж буй орнуудын хамтын тунхаглалыг баталснаар 77-гийн бүлгийг байгуулсан байна. 


Тухайн үед хөгжиж буй 77 улс нэгдэж байгуулсан энэхүү бүлэг нь эдүгээ эгнээндээ 134 улсыг нэгтгэн өргөжсөн хэдий ч түүхэн ач холбогдлыг харгалзан бүлгийн нэрийг “77-ийн бүлэг” хэвээр хадгалж, НҮБ дахь засгийн газар хоорондын хамгийн том бүлэг болсон юм. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжих, НҮБ-ын системийн хүрээнд болж буй олон улсын эдийн засаг, хөгжлийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандах, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой. 


Бүлгийг Ази, Номхон далай, Африк, Латин Америкийн бүсээс нэг жилийн хугацаагаар ээлжлэн сонгосон улс даргалдаг. Африкийн бүлгээс Гвиней Улс 2021 онд, Ази, Номхон далайн бүлгээс Пакистан Улс 2022 онд, Латин Америкийн бүлгээс Куба Улс 2023 онд даргалж байна. Бүлгийн шийдвэр гаргах дээд байгууллага болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Кубын Хавана хотноо 2000 оны 4 дүгээр сард, Катарын Доха хотноо 2005 оны 6 дугаар сард, Боливийн Санта Круз хотноо 2014 оны 6 дугаар сард тус тус болсон аж.  


Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг нь тодорхой асуудлаар тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, хэлэлцээр боловсруулж ажиллахын зэрэгцээ НҮБ болон түүний системийн байгууллагын хүрээнд болж буй хурал чуулганд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаар хамтарсан мэдэгдэл хийх, тогтоол шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх, хөгжиж буй орнуудын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл /Перез-Гуеррерогийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зэрэг/ хэрэгжүүлэх зэргээр ажилладаг. 


Бүлэг нь Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор эрчим хүч, ус, хүнс, хөдөө аж ахуй, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, байгаль орчин, хөрөнгө оруулалт, худалдаа, шинжлэх ухаан, технологи зэрэг чиглэлээр тусгайлсан хурал, арга хэмжээг 1995 оноос хойш  тогтмол зохион байгуулж байна. Тус бүлгийн Перез-Гуерреро Итгэлцлийн сан 2016 онд ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн боловсруулсан судалгааны төслийг шалгаруулж, 35 мянган ам.долларын санхүүжилт олгожээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар хороогоор хэлэлцдэг тогтоолуудын 70 гаруй хувийг 77-гийн бүлэг санаачилдаг. Бүс нутаг, хөгжлийн түвшин, онцлог байдал зэргээс хамааран гишүүн орнууд бүлэг дотроо санал зөрөлддөг хэдий ч хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг асуудлаар НҮБ-ын хэмжээнд нэгдмэл байр сууриа хадгалж ажилладаг. Олон улсын эдийн засгийн холбогдолтой асуудлуудаар шийдвэр гаргахад хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, хөгжингүй орнуудаас хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг шаардах нь 77-гийн бүлгийн анхаарлын төвд байдаг. Даяаршил, харилцан хамаарал гүнзгийрэн, хөгжингүй орнуудын баримталж буй бодлого, үйл ажиллагаа нэгдмэл шинжтэй болж буй өнөө үед хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах 77-гийн бүлгийн ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. 


Монгол Улс нийтлэг асуудлаар эрх ашгаа хөгжиж буй орнуудтай хамтран хамгаалах, үндэсний хувь нэмрээ оруулах үүднээс 77-гийн бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг урагшлуулах, манай улсын санаачилсан тогтоолын төслүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн удаа дараагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулахад 77-гийн бүлгийн гишүүн орнууд дэмжлэг үзүүлж иржээ. 


НҮБ-ын ЕА-н чуулганы үеэр жил бүр болдог бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар гишүүн орнууд сонирхсон асуудлаар байр сууриа нэгтгэж, мэдээлэл солилцдог.  

Холбоотой мэдээ