Эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүүхдүүдийг илүүдэл жинтэй болоход нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.tuul@montsame.gov.mn
2023-08-11 09:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах эрүүл мэндийн зан үйлийн судалгааны дүнг авч үзвэл, өсвөр насны хүүхдүүдийн дунд таргалалт 2013 онд 12.1 хувьтай байсан бол 2020 оны байдлаар 18.2 хувь болж нэмэгдсэн байна.


Энэ сарын 8-нд болсон “Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлыг Азийн есөн орноор харьцуулсан судалгаа” төслийн үр дүнг танилцуулах уулзалтын үеэр уг статистик яригдсан аж. Хүүхэд, залуучуудын дундах илүүдэл жин, таргалалтад илчлэг өндөртэй хоол, ундаа зэрэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа хүчтэй нөлөөлж байгааг олон судалгаагаар баталсан. Мөн хорт зуршлын хэрэглээ, хөдөлгөөний идэвхгүй байдал зэрэг нь хүн амын дундах халдварын бус өвчин нэмэгдэх голлох шалтгаан бөгөөд сүүлийн үед эрүүл бус хооллолтын шалтгаантай илүүдэл жинтэй, таргалалттай хүүхэд залуусын тоо нэмэгдсээр буй. Иймд хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгааг хянах, хоол хүнсний эрүүл орчин буюу хүрэлцээ, хангамжийг бүрдүүлэх, олон нийтийн дэмжлэгийг авах зэрэг томоохон өөрчлөлтийг хийх нь хүүхэд залуучуудын илүүдэл жин, таргалалтыг бууруулах, сэргийлэх чухал алхам болно гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Холбоотой мэдээ