Тархи судлалын олон улсын сургалтад 20 гаруй эрдэмтэн, судлаач хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-08 14:02:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тархи судлалын олон улсын 7 хоног” манай улсад эхлээд байна. Уг үйл ажиллагаа тархи судлалын олон улсын сургалтаар эхэлдэг бөгөөд энэ нь 7 хоногийн үндсэн нэг арга хэмжээ нь юм.



Энэ жилийн сургалтад 25 хүнийг сонгон шалгаруулалтаар хамруулжээ. Сургалтыг өнгөрсөн жил “Тархи судлалын үндсэн техникүүд” сэдвээр зохион байгуулсан энэ жил “Шинжлэх ухааны дамжуулалт, төрөх үйлийн зан, эмгэг” сэдвээр болж байгааг ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захиргаа, менежментийн дарга З.Отгон мэдээллээ.


“Тархи судлалын 7 хоног”-ийн үндсэн нэг үйл ажиллагаа болох олон улсын сургалтанд жил бүр 20-25 хүнийг сонгон шалгаруулалтаар хамруулдаг юм.


Монгол Улс дахь тархи судлалын шинжлэх ухааны хөгжлийг танилцуулвал,

  • 2007-2008 онд Монголын нейросайнсын нийгэмлэгийг байгуулж, Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, гишүүнээр элссэн,
  • 2022 онд ШУА-ийн харьяанд суурь судалгааны “Тархи, сэтгэл судлалын үндэсний хүрээлэн” байгуулагдсан,
  • Дэлхийн тархи судлаач эрдэмтдийн сургалт, семинар, уулзалт бүхий “Тархи судлалын 7 хоног”-гийг Монгол Улсад зохион байгуулдаг болсон,
  • Япон, БНСУ зэрэг гадаад орнуудад тархи судлалаар үндэсний судлаач, мэргэжилтнүүдийг сургаж эхлээд байна.

Тархи судлал буюу нейросайнс нь мэдрэл, сэтгэц, сэтгэл судлал, мэс засал зэрэг шинжлэх ухааны олон салбарыг холбосон, салбар дундын суурь шинжлэх ухаан бөгөөд манай улсад энэ талын нийгэмлэгийг тархи судлаач 12 эрдэмтэн мэргэжилтэн анх байгуулаад 15 жил болж байна.


Тархи судлал нь хүний сэтгэхүйгээс эхлээд эрүүл мэнд, тамир тэнхээ, зан авир байдал зэргээр хүн төрөлхтөн өөрийгөө судалдаг шинжлэх ухаан юм гэдгийг ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн зөвлөх, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Баттүвшин тодотгон хэлж байна.


Өөрөөр хэлбэл, хүн ба нийгмийн олон асуудлыг судлах, гарц шийдлийг олох түлхүүр юм хэмээн онцолж байна. Тиймээс тархи, сэтгэл судлал нь улс орны хөгжлийг тодорхойлох ихээн чухал ач холбогдолтой шинжлэх ухаан болдог. Тархи, сэтгэл судлал нь технологийг хөгжилтэй бас шууд хамааралтай бус, монгол хүний оюун ухаан, өв соёл, үндэсний онцлогийг хүртэл судалж мэддэг шинжлэх ухаан юм гэв.

Холбоотой мэдээ