Н.Эрдэнэхүү: Хавдрын дархлаа эмчилгээг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-08-04 16:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХСҮТ энэ жилээс хавдрын дархлаа эмчилгээг нэвтрүүлнэ хэмээн ХСҮТ-өөс мэдээллээ. 

 

Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээлэхдээ, "ХСҮТ-ийн Элэг цөс нойр булчирхайн хорт хавдрын тасаг байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байyа. Сүүлийн 15 жилийн хугацаанд элэг цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр ажиллаж буй. Манай улсын элэг, цөс нойр булчирхайн хавдрын эмчилгээний хөгжил орчин үетэй хэр хөл нийлүүлж буйг тодорхойлох зорилгоор ирэх долоо хоногт “Элэгний долоо хоног”-ийг зохион байгуулна.

Энэ хүрээнд Япон, Солонгос, Франц, ОХУ, Хятад, Казахстан зэрэг дэлхийн олон улсаас энэ салбарыг тодорхойлогч эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд хүрэлцэн ирэх юм. Ингэснээр туршлага хуваалцаж, бидний хийж буй зүйлсэд үнэлгээ өгч, бид суралцах боломж бүрдэнэ. Олон улсын мэргэжилтнүүд ХСҮТ-д хагалгаануудыг өөрсдөө хийгээд, эмч нарт шууд дамжуулж, туршлага солилцон, хэлэлцүүлэг, үнэлгээ хийнэ. Мөн “Элэг бүтэн Монгол” төслийн хүрээнд эмчилгээний хувьд олон амжилт гаргахын сацуу мэс заслын эмчилгээ, химийн болон туяа эмчилгээ гэсэн цогц эмчилгээг ХСҮТ-д нутагшуулсны хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг цогцоор хүргэх боломжтой болсон.

Түүнчлэн энэ жилээс эхлэн дархлаа эмчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. Үүний үр дүнд Монгол хүнд дархлаа эмчилгээ нэвтрэх боломжтой болно. Дархлаа эмчилгээ гэдэг нь хүний биеийн дархлааны эсүүдийг идэвхжүүлж, үүгээр дамжуулан хавдрыг устгах шинэ эмчилгээний технологи юм. Энэ эмчилгээ өндөр үнэтэй байсан учраас бид хэрэглэж чаддаггүй байсан юм. Одоо ЭМЯ олон улсын Швейцарын компанитай гэрээ байгуулж, тохиролцохоор ажиллаж байгаа. Хэрэв амжилттай нэвтрүүлбэл Монголд хавдрын эмчилгээнд орж байгаа хүмүүст хэрэглэгдэх боломж бүрдэж, амьдрах хугацаа уртсах юм" гэв.

 

“Элэгний долоо хоног”-т Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Интермед болон Монгол-Япон эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн хийж буй ажлаа танилцуулах юм. Харин гадны мэргэжилтнүүд Монголд хийгдэж байгаагүй аргуудыг танилцуулах юм.

 

Хэвлэлийн хурлын үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүгээс дараах мэдээллийг тодрууллаа.

 

-Манай улсын хүн амын дунд элэгний өвчлөл хэр байна вэ?

-Монгол Улсад элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын тохиолдлын тоо зүрх судасны өвчлөлийн дараа хоёрдугаарт явж байна. Түүн дотроо элэгний өвчлөл нэгдүгээрт явж байна. Энэ нь хамгийн их тохиолдолтой, хамгийн их хүн нас бардаг гэсэн үг юм. Монгол Улс элэгний өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна.  Үүний шалтгаан нь элэгний В, С, Д вирус юм. Олон жил В, С, Д вирустэй явснаас элэг дутагдалд орж, түүнээс маш олон хавдар үүсэн, хавдраа эмчлүүлэх гэж монголын ард түмэн хичээж явна. Энэ өвчлөл удахгүй буурах байх гэж бид бүхэн найдаж байна. Гэхдээ хавдрын тохиолдлын 40 хувь, хавдрын нас баралтын 36 хувийг элэгний өвчлөл эзэлж байна.

 

-Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд монголчууд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Орчин үед элэгний В, С, Д вирусыг тархаах замууд нь багасаж байна. Өмнө нь нэг удаагийн тариур хэрэглэдэггүй байлаа. Олон удаа буцалгаж, ариутган бие биедээ хэрэглэдэг байсан. Эмнэлэг, хувь хүний нөхцөлд ариутгаагүй тариураар В, С вирус цусны замаар дамжсан. Энэ тохиолдол сүүлийн үед багасаж байна. Үүний хажуугаар дархлаажуулалтыг хийдэг болсон. Дархлаажуулалтаар В вирусний эсрэг вакцин хийж байна. Одоогоор Д вирусний эсрэг эм гаргаж авах гэж байна. С вирусний эмийг ууж устгадаг боллоо гэхчлэн энэ боломж гарч ирснээр бид цаашид В, С вирусний шалтгаантай элэгний өвчлөлөөс ангижрах боломжтой. Харин дэлхий дахинд хамгийн их өвчлөлийн шалтгаантай В, С вирусээс гадна архи байна. Таргалалтын шалтгаантай элэгний дутагдал, хатуурал, түүнээс болоод элэгний хавдар болон бусад дутагдалд орох гэсэн өвчлөл дэлхий дахинд ихсэж байна.

 

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд элэгний хорт хавдрын хэчнээн тохиолдол илэрсэн бол?

-ЭМЯ-нд сайдын зөвлөлийн хурал болж байгаа. Хурлаар эрт илрүүлгийн үйл явц, юун дээр алдав, ямар үр дүнд хүрэв гэхчлэн хэлэлцэж байгаа. Бид саналаа хэлсэн. Эрт илрүүлэх шинжилгээ тодорхой хүмүүст хүрч байгаа.  Эрт илрүүлэх шинжилгээгээр өнгөрсөн хугацаанд хавдрын 106 шинэ тохиолдол илрүүлсэн. Тиймээс хамгийн гол нь урьдал шатанд нь илрүүлж чадвал бүр илүү үр дүнтэй.

 

Холбоотой мэдээ