ДЭМБ-ын дэмжлэгээр эрт илрүүлгийн дата санг байгуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2023-07-28 13:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 27-ны байдлаар 1 079 460 хүн хамрагдаад байгааг ЭМЯ-наас мэдээллээ. 


Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд төр, хувийн хэвшлийн 648 байгууллагын 5000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллажээ. Тэдгээрийг ДЭМБ-аас удирдлагын менежментээр ханган ажилласан байна. Тодруулбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дата, стратеги, инновацын баг эрт илрүүлэг, урдчилсан сэргийлэх их өгөгдлийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажилласнаа өнөөдөр ЭМЯ-нд танилцуулав.


Энэ талаар олон улсын багийн ахлагч ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Дата стратеги, инновацын захирал Кидонк Пак хэлэхдээ, “Бид Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн эрт илрүүлгийн үйл явцыг судалж, үнэлгээ дүгнэлт, зөвлөмж өгч ажиллалаа. Монгол Улс эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хүн амаа нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан хийж, урьдчилан сэргийлж хийжээ. Энэ нь үр дүн өгнө. Наад зах нь халдварт бус өвчнүүдийг эрт үед нь илрүүлснээр өвчлөл хүндрэх, нас баралт, гэр бүлийн эрүүл мэндийг сахихаас гадна цаашлаад улс орны нийгэм, эдийн засгийн хувьд санхүүгийн дарамтаас сэргийлнэ" гэдгийг тодотгосон юм.


Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээний хүрээнд уг үйл ажиллагааны цахим мэдээллийн программуудыг нэгтгэн Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн платформ бий болгож буйг ЭМЯ-ын төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Ингэснээр үзлэг, шинжилгээний мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл (Биг дата)-ийн санг ДЭМБ-ын дэмжлэгтэй байгуулж буйг дуулгасан юм. 


Холбоотой мэдээ