“OceanGate” компани үйл ажиллагаагаа түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-07-07 10:49:29

ВАШИНГТОН. /ВВС/.  Өнгөрсөн сард далайн гүнд сүйрчбүхээгт нь байсан таван зорчигч бүгд амиа алдсан Титан шумбагч аппаратыг эзэмшдэг OceanGate компани үйл ажиллагаагаа түр зогсоожээ.


Тус компани өөрийн цахим хуудаснаа пүрэв гарагт "Бүх экспедиц болон арилжааны үйл ажиллагаагаа зогсоолоо" гэсэн товч мэдээлэл нийтэлжээ.


Зургаадугаар сарын 18-нд Атлантын далайн ёроолд буй “Титаник  хөлгийг үзэхээр шумбасан уг аппаратын ослын шалтгааныг шалгах ажил үргэлжилж байна.


Энэхүү шалгалт нь ирээдүйд болзошгүй ийм төрлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой гэж АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны Тэнгисийн Мөрдөн шалгах хорооноос мэдэгдсэн билээ.


Ахлах мөрдөн байцаагч ахмад Жейсон Нойбауэр өнгөрсөн сард Эргийн хамгаалалтын алба хамгийн дээд түвшний шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд уг шалгалтыг Канад, Их Британи, Францын холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран явуулна гэж мэдэгджээ. Тэрбээр, шалгалтын явцад иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөвлөмж гаргаж болно гэжээ.


Зургаадугаар сарын 28-ны өдөр Эргийн хамгаалалтын алба Титан”-ы хэлтэрхийнүүд болон ​​цогцсын үлдэгдлийг татаж гарган, эх  газар луу буцаасан нь шалгалтын эхний үе шат байсан юм.  Мөн далайн гүнээс гаргаж авсан тэдгээр хэлтэрхийнүүд болон эд мөрийн баримтуудыг нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр АНУ-ын боомт руу хүргүүлжээ.


"Титан" шумбагч аппаратын бүхээгт шумбалтыг зохион байгуулсан “OceanGate” компанийн гүйцэтгэх захирал 61 настай Стоктон Раш,  Британийн судлаач 58 настай Хэмиш Хардинг, 48 настай Шахзада Давуд, түүний хүү 19 настай Сулеман Давуд, Францын судлаач 77 настай Поль-Анри Наржеоле нар байсан юм.



Холбоотой мэдээ