Лондоны өмнөд хэсгээс Ромын үеийн ховор бунхан олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-14 15:41:49

ЛОНДОН. /ВВС/. Археологичид Их Британийн нийслэл Лондон хотын өмнөд хэсгээс маш сайн хадгалагдан үлдсэн Ромын үеийн бунхан олжээ. 


Тус хотын Саутуорк дүүргээс олдсон Ромын үеийн энэхүү бунхны үлдэгдлийг "үлэмж ховор" олдвор гэж тодорхойлсон бөгөөд уг байгууламжийн шал, хана нь харьцангуй бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн байна. 


Археологчид энэ газрыг Ромын нийгмийн чинээлэг хүмүүст зориулсан оршуулгын газар юм уу эсвэл булш байсан болов уу гэж үзэж байгаа аж. Малтлагыг Лондоны археологийн музей (“MOLA”) явуулжээ.


Энэхүү олдвор нь Их Британид урьд өмнө нь олдсон Ромын үеийн бунханууд дотроос хамгийн бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн бунхан гэж “MOLA”-гийн судлаачид үзэж байна. Байгууламжийн төв хэсэгт байрлах шигтгэмэл зураг, түүнийг хүрээлсэн өргөгдмөл тавцан, мөн хамгийн доод талын шатнууд гэмтээгүй хадгалагдан үлджээ.


Археологичид малтлагынхаа үеэр эхний давхрын дороос яг ижил загвартай шигтгэмэл зураг бүхий хавтан олж, уг байгууламж нь хоёр давхар болохыг илрүүлжээ. 


Энэ газрыг оршуулгын газар гэж үзэж байгаа хэдий ч ямар ч авс олдоогүй байна. Харин 100 гаруй зоос, шавраар хийсэн эдлэлийн хэлтэрхий, дээврийн хавтангууд мөн төмрийн хэлтэрхийнүүд олджээ.


Энэ газарт өргөн хэмжээний малтлага хийж байгаа бөгөөд 2022 онд Лондоноос сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд олдож байгаагүй Ромын үеийн хамгийн том шигтгэмэл зургийг илрүүлсэн юм.


“MOLA”- гийн археологчид уг бунхны насыг тодорхойлж, тухайн газрын гурван хэмжээст загварыг боловсруулж чадна гэж найдаж байна.


Мөн энэ газрыг сэргээн засварлаж, олон нийтэд зориулсан байнгын үзмэр болгохоор төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ