Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-20 09:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа.


Тус зуслангийн бүсэд 50 920 нэгж талбар байгаагаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлан 2016-2020онд газар эзэмшиж буй 2959 нэгж талбарын 177.3 га газрыг өмчлүүлээд байна.


Одоо хэрэгжиж буй ерөнхий төлөвлөгөө нь бодит байдалтай уялдахгүйгээс өмчлөлийн ажил удааширч, иргэд, төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсжээ. Иймд тус 26 амнаас эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гэсэн дөрвөн зуслангийн амуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг шийдэхээр боллоо.


Үлдсэн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг 2022 оны төсөвт суулгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад даалгасныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.


 

Холбоотой мэдээ