ОХУ-аас авч буй шатахууныг Ховд аймаг руу шууд тээвэрлэх боломж бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-20 07:47:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Ховд аймгийн ажилтай танилцаж байна.


Тус аймагт коронавирусний халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж. УОК-ын даргын энэ оны 46 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудтай хил залгадаг Дарви, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын хяналтын цэгт Улаанбаатар хот болон өөр аймгийн нутаг дэвсгэрээс ирж байгаа иргэдээс түргэвчилсэн тест болон PCR-ын шинжилгээ авч, хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байгааг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт хэллээ. 


Тус аймгийн Онцгой комиссоос ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа Шадар сайдад уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайд дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлэв. 


Шадар сайд С.Амарсайхан, “Засгийн газар цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого баримталж байгаа. Ялангуяа баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэхэд УОК-оос хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” хэмээн онцоллоо.


Шадар сайд С.Амарсайхан Ховд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажилтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна.

Холбоотой мэдээ