Саарал ус боловсруулах үйлдвэрийн барилга 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-19 11:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Сонгино уулын зүүн бэлд барьж буй, саарал ус боловсруулах үйлдвэрийн барилга 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 180 мянган шоо метр бохирыг цэвэршүүлж, боловсруулах юм.


Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Шинэ цэвэрлэх байгууламжийн саарал усыг эхний ээлжид III, IV цахилгаан станцад нийлүүлэхээр төлөвлөсөн. Учир нь тус хоёр станц хөргүүртээ цэвэр ус ашигладаг. Саарал усыг ундны уснаас бусад зүйлд ашиглах боломжтой. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэснээр үнэртэхгүй болсон. БХБ-ын сайд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгсний дагуу ажиллаж байна. Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай. Төв цэвэрлэх байгууламжид одоогоор 197.200 шоо метр ус ирдэг. Иймд зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай” хэмээснийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.


Орос технологиор барьсан хуучин цэвэрлэх байгууламж ашиглалтад ороод 60 гаруй жил болжээ. Хүчин чадал нь хоногт 160-170 мянган шоо метр усыг цэвэрлэдэг. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийт 410 мянган шоо метр усыг цэвэрлэх боломжтой аж.


 

Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлээр, батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдсэн.


Төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц барих юм. Төслийн төсөвт өртөг 262.7 сая ам.доллар бөгөөд 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ, 5 хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцах аж.


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив Монголия” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ