Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-16 14:25:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа.


Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэхээр Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Ингэснээр иргэд цаг хугацаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос авах боломж бүрдлээ. Тус төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчлүүлж,  төрийн үйлчилгээний мэдээлэл, лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг авдаг байна.


ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цахим дүүрэг болохыг зорьж байгаагаа онцлов. Хотын дарга иргэдэд хүргэх үйлчилгээг цахим болгож, хүндрэл, бэрхшээл, хүнд суртал учруулахгүй байхад анхаарахыг тэмдэглээд, тус дүүргийн Шуурхай штабаас хийж буй ажлын явцыг сонслоо.


Дүүргийн хэмжээнд вакцины дөрвөн цэг, тандалт, хариу арга хэмжээний хоёр баг үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Одоогоор эмнэлэгт 1388, тусгаар байранд хоёр, гэрээр 709 хүн эмчлэгдэж байгаа. 24.135 хүн эдгэрч, 941 хүн ойрын хавьтлаар гэрийн тусгаарлалтад байгаа-г танилцуулав. Мөн “хариуцлагын гэрээ” байгуулсан 42 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд таван зөрчил илэрснийг арилгуулжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Коронавирусний халдвар гарснаас хойш бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд цохилтод орсон. Иймд аж ахуйн нэгжид зөвлөн туслах байдлаар ажиллах хэрэгтэй” хэмээв

Холбоотой мэдээ