Номын сан, кино театруудыг “хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэлээ хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-16 14:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Номын сан, кино театрыг “хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэлийг хангасан талаар НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр танилцууулав.


Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлснийг НОК-ын хурлаар хэлэлцэж, “хариуцлагын гэрээ” байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэм сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн. Одоогоор Хөлбөмбөг, Сур, Үндэсний бөхийн холбоод тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа юм.


Тус зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн удаад өгсөн 25 үүрэг, даалгаврын хэрэгжилт 79.4 хувьтай байлаа.


Зөвлөгөөний үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 80 хувьтай байгаа. Нийт 17 мянган хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 12.500 нь хамрагдсан” гэв.


Нийслэлд өнгөрсөн 24 цагт коронавирусн 282 тохиолдол батлагдсанаас хүүхэд 72, жирэмсэн дөрвөн хүн байна.

Холбоотой мэдээ