“Ажилтай иргэн-Орлоготой өрх” өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-13 19:26:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв /ЗХЗТ/-өөс “Ажилтай иргэн-Орлоготой өрх” өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.


Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой тус өдөрлөгт МЗХ-ны удирдлагууд болон АПУ, Витафит, Таван богд груп зэрэг 40 ажил олгогч байгууллага оролцлоо. Өдөрлөгийн үеэр үндсэн болон цагийн ажлын байранд 18-55 насны иргэдийг бүртгэж, зуучллаа.


Энэхүү өдөрлөгт ажил олгогч байгууллагуудыг бүс бүсээр хувааж, халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлан оролцуулав. “Free Zone”-нд залуусын брендүүдийг нэгтгэсэн гар урлалын үзэсгэлэн худалдаа боллоо. Мөн “Work Zone”-нд ЗХЗТ, ажил олгогч байгууллагуудын нээлттэй ажлын байранд бүртгэл үйлчилгээ үзүүлэх, ажилд хэрхэн сонгон шалгаруулах талаар зөвлөгөө өгөх, Интершип хөтөлбөр, шууд ажлын ярилцлага хийлээ. Харин “Edu Zone”-нд залуучуудын хөгжлийн талаар сургалт зөвлөгөө, сэтгэл зүй, хуулийн зөвлөгөө, хөдөлмөрт хандах манлайллын лекц болсон юм.




Түүнчлэн, ЗХЗТ-өөс “Цахим хөдөлмөрийн бирж”-ийг ажиллуулна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар ажил хайж байгаа хүмүүс цахимаар ажилд орох боломжтой юм.


МЗХ-ны Ерөнхийлөгч Э.Гэрэлт-Од, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж  Монгол Улсын зах зээлд томоохон шинэчлэл хийх цахим төсөл дээр ажиллаж байгаа юм. Энэхүү цахим систем дээр ажил хайгч болоод ажил олгогчдын цагаан болон хар жагсаалтыг хөтөлнө. Өмнө нь бид Монгол банкны хар жагсаалтыг халъя гэсэн санаачилга гарган 71000 мянган иргэнийг хар жагсаалтаас гаргасан. Үүн шиг хар жагсаалт биш. Залуучууд ажлаас гараад дараагийн ажилд очиход тухайн хүний мэдээллээр хайхад өмнөх ажлын түүх, шалтгаан болон ажил олгогчдын талаар харж судалж болно” гэв.


Мөн өдөрлөгийн үеэр Засгийн газрын дэмжлэгтэйгээр Атрын аяныг сэргээх ажлын хүрээнд МЗХ, ЗХЗТ-өөс нэгдэж үндэсний хэмжээнд хэрэгжих “Yes Алтан намар” төслийн нээлт болон танилцуулгыг албан ёсоор хийв.




ЗХЗТ-ийн захирал Т.Энхмөрөн, “Хөдөө орон нутгаас “Yes Алтан намар” аянд олон хүн хамрагдахыг хүсэж байгаа. Залуус КОВИД-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан бол энэхүү аянд ирж оролцох боломжтой. Бид Монголын оюутны холбоо болон их, дээд сургуулиудтай хамтран оюутнууддаа олон боломжийг олгохоор ажиллаж байгаа. Тиймээс оюутан, залуус маань энэхүү “Алтан намар” аянд идэвхтэй оролцоорой” гэлээ.


Тус аянд оролцсон шилдэг оюутнуудыг шалгаруулж сургалтын төлбөрөөс 100 хувь, 80 хувь, 50 хувь чөлөөлнө. Бас хамгийн их ургац хураасан аймгийг тодруулж шагнаж урамшуулах аж.



Р.Батхишиг

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ