Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-13 15:45:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хандивын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.  


Үүнд ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн, Швейцарын хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри болон бусад төлөөлөл оролцов.


Швейцарын Холбооны Улс нь манай улсад олон чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарт 20 гаруй жил буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, малчдын амьжиргааг дэмжихэд хамтран ажилладаг.


ХХААХҮЯ 2013 оноос мал эмнэлгийн салбарын хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, шинэ хууль тогтоомжийг оролцогч талуудад сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг тус төслийнхөнтэй хамтран зохион байгуулжээ. Хамтын ажиллагааны дүнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар батлуулан мөрдөж байна. Энэ хууль болон түүнийг дагалдан гарсан журам, заавар, эрх зүйн актууд нь мал эмнэлгийн салбарын бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэл болон цаг үеийн шаардлагад нийцсэн хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлдэг аж.
 
Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөх тогтолцоог боловсронгуй болгохоор Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж улсын хэмжээнд нэвтрүүлсэн нь мэдээллийн технологийн ололт амжилтыг тус салбарын өдөр тутмын ажилд шингээж, орчин үеийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн алхах боломжийг олгожээ.


Хүнсний үйлдвэрлэл хангамжийг нэмэн, хүн амыг аюулгүй хүнсээр хангах, ялангуяа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь салбар яамны чиг үүргийн чухал хэсэг байдаг. Энэ хүрээнд Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийг батлан мөрдөж байна.


Ногоон алт, малын эрүүл мэнд төслөөс мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлсэн бүхий л үйл ажиллагаа нь малын гаралтай бүтээгдэхүүний гадаад, дотоод зах зээл дээр өрсөлдөх чадварыг сайжруулах, үнэ цэнийг өсгөх, малчдын орлогыг нэмж амьжиргааг сайжруулахад чиглэж байгаа тул төслийн дүнг тогтвортой үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн харилцан ашигтай бизнесийн түншлэлийг бий болгох талаар ХХААХҮЯ анхаарахыг ТНБД Т.Жамбалцэрэн илэрхийлэв.  




 Малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн

 
1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинэ хууль тогтоомжийг оролцогч талуудад сурталчилан таниулж хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Хууль тогтоомжийн шинэчлэлийн үр дүнд малын эрүүл мэндийн харилцаанд оролцогч талуудын үүрэг, хариуцлага илүү тодорхой болжээ. Ялангуяа мал эмнэлгийн үйлчилгээний гүйцэтгэл, чанарт хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирч малын халдварт өвчнийг хяналтад авах, халдварт өвчингүй статусыг тогтвортой хадгалах чиглэлээр ахиц дэвшил гарч байна.

2. Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж, улсын хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажилласан.
Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөн тогтоох тогтолцоог боловсронгуй болгоход чиглүүлж, Мал эмнэлгийн нэгдсэн системийг хөгжүүлж, улсын хэмжээнд нэвтрүүллээ. Системийг 6 аймгийн 15 суманд 4 алхмаар туршсаны дараа 2018 оны 12 дугаар сард МЭЕГ-д хүлээлгэн өгөв. Системийг мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаанд ашигласнаас хойш 2020 оны12 дугаар сарын 31 хүртэл 21 аймаг, Улаанбаатар хотын малчид, худалдаа эрхлэгчдэд 535953 цахим гэрчилгээ олголоо.
Малын эрүүл мэндийн цахим систем нь тухайн мал, амьтны гарал үүсэл, эрүүл мэндийн түүхийг хадгалан түүн дээр тулгуурлан баталгаажуулалт хийх зориулалттай юм. 


3.Малын гаралтай хүнсний түүхий эдэд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан. Өндөр хөгжилтэй орнууд гадаадаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо мал, амьтны гарал үүсэл нь тодорхой байх шаардлага тавьдгаас гадна хүнд металл, цацраг идэвхт бодис, антибиотик, ургамлын хөнөөлт хортон шавьж, мал амьтны шимэгчдийн эсрэг хэрэглэж буй бэлдмэлийн үлдэгдлийг хянах тогтолцоо бүрдсэн эсэхийг анхаардаг.

Иймд малын гаралтай хүнсний түүхий эдэд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулах чиглэлээр төслөөс тодорхой ажил санаачлан хэрэгжүүлсэн. НАМЭМТ нь МЭЕГ болон бусад түнштэй хамтран сүү, махан дахь антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулжээ



Холбоотой мэдээ