“Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-04 09:17:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбай ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, уушийн газар эрхлэх чиглэлээр “хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх боломжтой. Гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай”-г НОК-ын цахим хурлын үеэр онцлов.


Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, нийслэлд “хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.


Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж буй, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлэх, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл бүрдүүлэхийг НЭМГ, дүүргийн Онцгой комиссын дарга нарт даалгалаа.


Мөн нийслэлд “хариуцлагын гэрээ” байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийг хянах, захирамж зөрчин, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцохыг Улаанбаатар хотын ЗАА, холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.



Холбоотой мэдээ