Онцгой байдлын газарт иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх дуут дохио олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-20 12:42:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Мерси Кор" Олон улсын байгууллагаас Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт гамшиг аюулт үзэгдэл, ослын үед иргэдэд анхааруулах сэрэмжлүүлэг хүргэх дуут дохио /сирень/ 2 ширхэг, Алтай, Толбо суманд тус бүр 1 ширхэгийг олголоо.

"Мерси Кор" Олон улсын байгууллага нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/-ийн дэргэдэх Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх газар /OFDA/-ын санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 3” төслийг 2019 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байгаа.

Тус бүр нь 1,3 сая төгрөгийн үнэтэй дуут дохиог уг төслийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

"Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулалт хийх явцад сумдаас хүсэлт гаргасан тул тухайн төхөөрөмжийг хөрөнгө оруулалтаар олгосон" хэмээн “Мерси кор” олон улсын байгууллагын аймаг хариуцсан зохицуулагч Х.Жумагүл хэлэв.  

Ташрамд сануулахад, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 3” төслөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийн Онцгой комисст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болгож 1000 ширхэг амны хаалт, 30 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас, 2 хайрцаг бээлий, 10 ширхэг зайнаас халуун хэмжигч, 3 ширхэг ариутгагч шингэн цацагч /20 л/ хандивлаж байсан юм.

Холбоотой мэдээ