ОУСК орон нутгийн бизнес эрхлэгчдийг санхүүжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-11 11:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) "COVID-19"-ийн цар тахлын үед бичил болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор "Транскапитал" ХХК-д анхны төгрөгийн санхүүжилт олголоо. 

Ингэснээр ирэх 3 жилд 15 мянга орчим эмэгтэй бизнес эрхлэгчид, бичил болон хөдөө орон нутгийн бизнесийнхэн хөдөлмөр эрхлэх санхүүжилттэй болж байна.

Цар тахлын үед санхүүгийн салбарын чадавхыг дэмжих зорилготой ОУСК-иас хэрэгжүүлж буй ажлын нэг нь энэ зээл аж. Үүнд ОУСК-ын өөрийн эх үүсвэрийн 8.4 тэрбум төгрөг (3 сая орчим ам.доллар)-ийн 3 жилийн хугацаатай зээл, мөн Герман улсын "Invest in Visions GmbH" болон "BlueOrchard Finance Ltd"-ийн "Азийн Бичил санхүүгийн санаачилга" байгууллага, ACTIAM болон "Developing World Markets" зэрэг байгууллагын 25.2 тэрбум төгрөг (9 сая орчим ам.доллар)-ийн хамтарсан зээл оржээ. 

“Бичил, жижиг, дунд үйлдвэрүүд нь нийт ажлын байрны 50 гаруй хувийг хангадаг Монголын эдийн засгийн тулгуур багана юм. Тэд мөн "COVID-19"-ийн нөлөөнд хамгийн их өртөж буй  хэсэг” гэдгийг санхүүжилтийг хүлээн авч буй "Транскапитал ББСБ" компанийн гүйцэтгэх захирал З.Алтанзул онцолж байна. Тэрээр, “Бид ОУСК-ийн энэхүү шинэ санхүүжилтээр Монголын бичил, жижиг үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ "COVID-19"-ийн нөлөөнөөс сэргэх үндэсний хүчин чармайлтад хувь нэмэр оруулж байна” гэв. 

Монгол Улсад бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 90 орчим хувь нь арилжааны банкнаас тогтмол зээл авах боломжгүй байдаг бөгөөд энэ салбарт нийт 1.29 тэрбум орчим ам.долларын нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ бий гэж үздэг. Цар тахлын даамжирч буй сөрөг үр дагавар, түүхий эдийн эрэлт зэрэг нь байгалийн баялагт тулгуурласан эдийн засаг болон түүн дэх бизнес эрхлэгчдэд улам их дарамт учруулж болзошгүй юм. 

“Энэхүү шинэ хөрөнгө оруулалт нь Монголын бизнес эрхлэгчид, ялангуяа хөдөө орон нутгийн бичил бизнес, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг зарим бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн”-ийг Дэлхийн банкны (ОУСК)-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов хэлж байна. “Энэ нь ОУСК-иас Монгол Улсад ББСБ-д хийсэн анхны хөрөнгө оруулалт бөгөөд мөн үндэсний валютаар хамтран олгосон анхны зээл болж байна. Энэхүү санхүүжилт мөн Монгол Улсын ААн-үүдийг ) "COVID-19"-ийн үр дагавраас сэргэж гарахад нь дэмжлэг болно" гэдгийг тэрээр нэмж онцлов.

ОУСК нь Монголын санхүүгийн салбарт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, улмаар салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрөл ба хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын төлөө ажиллаж байна. Энэ оны эхээр салбарын зохицуулагч байгууллага болон банкны холбоотой хамтран нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх чиглэлээр гэрээ байгуулсан. Мөн ) "COVID-19"-ийн цар тахлын эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол дахь түнш банкуудын зээлийн шугамын дээд хязгаарыг нэмэгдүүлжээ. 




Холбоотой мэдээ